Арга хэмжээУрлаг

Oasis хамтлагийн фенүүд тоглолтын тасалбарын луйварт 2.7 сая ам.долларыг алджээ

Их Британийн рок хамтлаг Oasis 2025 онд аялан тоглолт хийхээр болсон тухайгаа өнгөрсөн зун мэдэгдээд байсан билээ. Аялан тоглолт нь 7 дугаар сарын 4-нд төрөлх Манчестер хотын Кардифф Принсипалити цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд хамтлаг Их Британи, Ирланд даяар нийт 14 тоглолт хийх юм.

Тоглолтын тов зарлагдсанаас эхлээд шүтэн бишрэгчдийн дунд тасалбар авах нь ширүүхэн өрсөлдөөн болох тухай яриа газар авсан бөгөөд өнгөрсөн жилийн 8 дугаар сарын 31-ний өдөр өглөөний 9 цагаас худалдаалж эхэлсэн тасалбар таван минут хүрэхгүй хугацаанд зарагдаж дуусаад байсан билээ. Тэгвэл дахин нэгдсэн тэдний тоглолтыг үзэхийг хүссэн Oasis-ын шүтэн бишрэгчид Их Британи дахь тасалбарын луйвраас 2 сая гаруй фунт стерлинг буюу 2.7 сая доллар алдсан тухай Ллойдс банк пүрэв гарагт мэдэгдлээ.

Тухайлбал, онлайнаар хуурамч болон аль хэдийн өөр хүмүүст зарагдсан тасалбарыг давхардуулж зарах луйвар эрчээ авсан ажээ. Их Британи даяар тасалбар худалдаанд гарснаас хойш дор хаяж 5000 хүн хохирогч болж, залилагчдын гарт 2 сая гаруй фунт стерлингийг алдсан нь залилуулсан хүн тус бүр 436 фунт стерлингийн хохирол амссан байна. Тоглолтын тасалбар хэт үнэтэй байгаа тухай хүмүүс ихэд шүүмжлэлтэй хандаж байсан ч албан ёсны борлуулагч Ticketmaster сайт дээр 900,000 гаруй тасалбар зарагджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button