
Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, тэр дундаа гүйх дуртай хүмүүсийн дунд нэгэн маргаантай сэдэв байдаг нь “Өглөө гүйх нь илүү үр дүнтэй юу, эсвэл орой гүйх үү?” гэх асуулт юм.
Энэхүү асуултад нэг талыг барьж хариулах, шууд тэр зөв, энэ буруу гэх аргагүй. Судалгааны дүн, мэргэжилтнүүдийн зөвлөгөө, хувь хүний биеийн онцлог, амьдралын хэв маягаас шалтгаалаад гүйлтийн “хамгийн тохиромжтой цаг” харилцан адилгүй байдаг ажээ.
Өглөөний гүйх нь өдрийг эрч хүчтэй эхлүүлнэ

Өглөө эрт босч, өлөн дээрээ хөнгөн гүйх нь бодисын солилцоог идэвхжүүлж, өдрийн турш эрч хүчтэй, сэргэг байхад тусалдаг. Мөн агаар харьцангуй цэвэр, хотын чимээ шуугиан бага тул тайван уур амьсгал бүрдүүлдэг. Үүнээс гадна, тогтмол өглөө гүйдэг хүмүүсийн сэтгэлзүйн байдал илүү тогтвортой, өөдрөг байдаг гэж судлаачид онцолдог.
Гэсэн хэдий ч өглөөний гүйх нь зарим хүнд бие хөшүүн, нойр дутуу байдлаас шалтгаалан хүнд санагдаж болох талтай. Иймд сайтар халаалт хийх, гүйлтийн дараа хангалттай уураг, нүүрс ус авах хэрэгтэй байдаг.
Оройн гүйх нь стресс тайлах шилдэг арга

Ажлын дараах оройн гүйлт нь тухайн өдрийн ядаргаа, стрессийг тайлах хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Биеийн температур, булчингийн уян хатан байдал оройн цагаар хамгийн өндөр түвшинд хүрдэг тул гэмтэл авах эрсдэл харьцангуй бага байдаг гэж фитнессийн багш нар зөвлөж байна. Мөн орой гүйх үед зүрхний хэмнэл, уушгины хүчин чадал идэвхтэй байдаг нь хурд, тэсвэрийн хувьд илүү гүйцэтгэл гаргах боломжийг бүрдүүлдэг.
Гэхдээ хэт орой буюу унтахын өмнө дасгал хийх нь зарим хүний нойрыг хулжааж болзошгүй. Иймд орой гүйхээр бол унтахаасаа дор хаяж 1–2 цагийн өмнө гүйж дуусахыг зөвлөдөг.
Хэзээ гүйх нь биш, тогтмол байх нь чухал
Эцсийн дүнд, өглөө юмуу орой гүйх эсэх нь таны амьдралын хэв маяг, биеийн онцлог, зорилгоос хамаардаг. Хамгийн чухал нь тогтмол хуваарьтай байж, бие махбоддоо анхаарал хандуулах явдал юм.
Хэрэв жингээ хасах зорилготой бол өглөө өлөн дээрээ хөнгөн гүйх нь тохиромжтой байж болох бол, стресс тайлах, амралтаа идэвхтэй өнгөрүүлэхийг хүсвэл оройн гүйлт үр дүнтэй байх боломжтой.