Дроноор Эверестийн оргилд хүргэлт хийдэг болжээ
Далайн түвшнээс дээш 5364 м-ийн өндөрт орших Эверестийн баазад тогтсон уламжлал шинэ технологийн ачаар өөрчлөгдөж байна.Дэлхийн хамгийн өндөр ууланд авирах уулчдын багуудад зам гаргаж өгөхийн тулд шерпа газарчид олон арван жилийн турш гаталж ирсэн аминд халтай Хумбу мөсөн голын дээгүүр олс, шат, хүчилтөрөгчийн баллон зэргийг тээвэрлэхдээ дронуудыг ашиглаж байна.

Балбад төвтэй “Airlift Technology” компани 6065 метрийн өндөрт байрлах нэгдүгээр бааз хүртэлх авиралтын замыг нээж, түүгээр зорчдог газарчдад туслах зорилгоор дрон ашиглаж эхэлжээ. Хэдийгээр энэ зам ердөө 2.89 км урт боловч туршлагатай шерпа нар ойролцоогоор долоон цагийн хугацаанд туулдаг. Харин дронууд долоохон минутын дотор туулдаг гэнэ.
“Airlift” компанийн дроны нисгэгч Милан Пандей CNN телевизэд ярихдаа, энэхүү санаачилга нь орон нутгийн засаг захиргаа, уулын авиралтын багуудтай хамтран ажилласны үр дүнд бий болсон гэлээ. “Шерпа нар бидэнд хаана тоног төхөөрөмж хэрэгтэйг хэлж, байршлын координатыг илгээдэг. Бид тийшээ бараа материалыг дроноор зөөдөг. Энэ нь цаг хугацаа хэмнэж, аюултай аяллын тоо цөөрдөг” гэж тэрбээр ярьжээ.
“Imagine Nepal” экспедицийн компанийг үүсгэн байгуулагч Мингма Шерпа ярихдаа, энэхүү дроны технологи нь олон жилийн турш тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг шийдэж байгаа ажээ. “2023 онд гурван анд нөхөр маань цасан нурангид дарагдаж амиа алдсан. Энэхүү ажлыг аюулгүй болгох арга замыг бид хайсаар ирсэн. Өөр бусадгазарт ашиглаж буй дронуудыг хараад энд ч мөн ажиллуулахболомжтой гэсэн бодол надад төрсөн” гэж тэрбээр CNN-д ярьсан байна.
Дронуудыг мөн цэвэрлэгээний ажилд ашиглаж байгаа гэнэ. Саяхан явагдсан цэвэрлэгээний үеэр “Airlift Technology” нэгдүгээр баазаас хагас тонн орчим хог хаягдлыг буулгахад дронуудыг ашиглажээ. Эверестэд авирахад олон сорилттой тулгарах болоод буй үед дээрх санаачилгыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, оргилд гарах зөвшөөрлийн хураамж өссөн, мөн байгаль орчны зохицуулалтууд зэргээс шалтгаалан2024 онд Эверестэд авирах багуудын төлбөр нэмэгдсэн юм. Үүний зэрэгцээ уулчдын тоо жил бүр өссөөр байгаа нь шерпа нарын ачааллыг нэмэгдүүлжээ.