Meta хиймэл оюун суулгасан Ray-Ban ухаалаг нүдний шил нэвтрүүлж эхэллээ
Америкийн технологийн аваргуудын нэг болох Meta компани Ray-Ban брэндийн ухаалаг нүдний шилэндээ хиймэл оюуны туслах Meta AI-г нэвтрүүлэн Европын зах зээлд өргөжүүлж буйгаа мэдэгдлээ. Герман, Австри, Бельги, Дани, Норвеги, Швед, Финланд зэрэг долоон орны хэрэглэгчид одоо уг төхөөрөмжөөр дуу хоолойгоор харилцан, ерөнхий мэдээлэл авч, хиймэл оюуны тусламжийг бодит амьдралд ашиглах боломжтой болжээ.

Ирэх долоо хоногоос хэрэглэгчид шууд орчуулга хийх боломжтой болно. Мөн хэрэглэгчийн харж буй орчин, обьектийг хиймэл оюуны тусламжтайгаар таньж, асуултанд хариулах шинэ функц албан ёсоор хэрэглээнд орно. Энэ функцийг 2023 оны арванхоёрдугаар сард анх танилцуулж туршилтын хүрээнд ажиллуулж байжээ.
Meta компани 2023 оны Connect чуулганы үеэр эдгээр шинэ боломжуудыг дэлгэн үзүүлсэн ба тус компани хиймэл оюуны дэд бүтцэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Компанийн зүгээс энэ шинэчлэл нь ухаалаг шилэн технологийг улам сайжруулж, хэрэглэгчидтэйгээ илүү ойр дотно, бодит хэрэглээнд нийцсэн шийдлийг санал болгож буй чухал алхам гэж үзэж байна.
Энэхүү өргөтгөл нь зүүж хэрэглэдэг технологийн хөгжлийн дараагийн шат руу шилжих дохио бөгөөд Meta компани Европын хэрэглэгчдийн шаардлага, зохицуулалттай уялдуулан хиймэл оюуны хэрэглээг хурдацтай өргөжүүлж буйг илтгэж байна.