Хуучны гар утсаа өндөр үнээр зарах боломжтой
Өмнө нь хуучирсан, хэрэгцээнээс гарсан хэмээн тооцогдож байсан технологийн бүтээгдэхүүнүүд өнөөдөр эргээд трэнд болж эхэллээ. Хуучны видео тоглоомын консол, хувийн компьютер зэрэг нь дурсамжийг өдөөж, ретро технологийн зах зээлийг сэргэхэд нөлөөлжээ.

Ялангуяа гар утас цуглуулагчдын дунд хамгийн эрэлттэй байгаа нь гар утаснуудын анхны загвар аж.
1983 онд гарсан Motorola DynaTAC 8000 бол зах зээлд гарсан анхны гар утас юм. Тухайн үедээ энэхүү утас нь ойролцоогоор $4,000 үнэтэй байжээ. Ихэвчлэн бизнес эрхлэгчид хэрэглэдэг байсан энэхүү төхөөрөмж нь хаанаас ч холбогдох боломжийг анх олгосон гэдгээрээ технологийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг. Өнөө үед энэ утас цуглуулагчдын мөрөөдөл болсон бөгөөд eBay зэрэг сайт дээр эвдэрч гэмтээгүй, ажиллагаатай загвар нь $2,000-оос дээш үнээр зарагдаж байна.
2009 онд гарсан HTC Touch Diamond2 нь одоо $650 орчим үнэлгээтэй болжээ. Ухаалаг утасны эхэн үеийн төлөөлөгч болсон тул цуглуулагчдын дунд эрэлттэй байна.
Мөн 2007 онд гарсан анхны iPhone нь өнөөдөр ч өндөр үнээр зарагдаж байгаа бөгөөд ирээдүйд улам ч үнэ цэнтэй болно гэж цуглуулагчид үздэг. Тухайлбал, 2023 оны долдугаар сард хайрцгийг нь задлаагүй, 4GB багтаамжтай анхны iPhone нь дуудлага худалдаагаар $190,373 хүрч зарагдсан нь түүхэн дээд амжилт болжээ. Мөн 2023 оны хоёрдугаар сард 8GB багтаамжтай, хайрцгийг нь задлаагүй анхны iPhone нь $63,356 хүрч зарагдсан байна.
Apple-ийн цуглуулагчид олон байдаг ч Nokia ч бас багагүй үнэлэгддэг. Nokia 7280, 8110, N79 зэрэг загвар өнөөдөр ч онцгой эрэлттэй байна. Ялангуяа 6310 загвар нь ухаалаг утаснаас өмнөх цаг үеийг санагдуулдаг учир олон хүнд “цаг хугацаагаар аялах” боломжийг олгодог. “Уруулын будаг” хэлбэртэй дизайнтай Nokia 7280 зэрэг загвар $200-$300 орчим үнээр зарагдаж байна.