Спорт

Монгол улсад нийт 1541 спорт заал бүртгэгдлээ

Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд өнөөдөр “Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024”-ын тайланг тархаах хурал болов. Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллогыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ ба нийгмийн хөгжил, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн салбарын бодлого, хөтөлбөрийг боловсруулах, цаашдын төлөвлөлтийг хийхэд энэхүү үзлэг тооллогын үр дүн чухал ач холбогдолтой.

Биеийн тамир, спортын үзлэг, тооллогыг 2024 оны есдүгээр сарын 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хугацаанд зохион байгуулахдаа спорт заал, спортын гадаа талбай, спортын клуб гэсэн үндсэн гурван бүлэгт ангилан тооллогыг зохион байгуулжээ.

Үзлэг тооллогоор Монгол улсад нийт 1541 спортын заал бүртгэгдсэн байна. Энэ нь 2017 оны тооллогын дүнтэй харьцуулахад 556 спорт заал нэмэгдсэн гэсэн дүн. Үүний 842 нь орон нутагт, 699 нь Улаанбаатар хотод тоологдлоо. Эдгээрийн 921 нь засвар үйлчилгээ хийгджээ. Харин 620 нь засвар үйлчилгээ хийгдээгүй байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн нэг жилийн хугацаанд 7145 спортын холбоо болон клубын үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна. Үүний 3272 нь нийслэл Улаабаатар хотод, 981 нь баруун бүсийн аймгуудад, 1131 нь хангайн бүсийн аймгуудад, 1213 нь төвийн бүсийн аймгуудад, 548 нь зүүн бүсийн аймгуудад зохион байгуулагдсан байна.

Энэ удаагийн үзлэг тооллогоор спортын клубуудыг анх удаагаа хамруулсан нь онцлог ажил. Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 864 спортын клуб үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо гарсан. Тэдгээрийн 490 нь Улаанбаатар хотод, 374 нь орон нутагт тоологдсон байна. Тооллогод хамрагдсан биеийн тамир, спортын клубыг үйл ажиллагааны чиглэлээр нь харахад 454 нь идэвхитэй дасгал хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, 154 нь сургалт, дасгалжуулалт явуулдаг. Харин 256 нь дээрх хоёр чиглэлээр хоёулангаар нь үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн үр дүн гарсан байна. Тэгвэл спортын клубуудын явуулж буй үйл ажиллагааны төрлөөр орлогын байдлыг нь авч үзвэл сагсан бөмбөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг буй клубүүд хамгийн өндөр орлоготой байлаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button