Temu зар сурталчилгаагаа танаж, үнээ нэмнэ
БНХАУ-ын онлайн дэлгүүр “Temu” АНУ дахь зар сурталчилгаагаа огцом танаж, хэрэглэгчдийн таталт эрс буурчээ. Энэ нь Трамп Хятадаас импортлох бараанд 145 хувийн тариф ногдуулах шийдвэр гаргасантай холбоотой. Үүний дараа “Temu” АНУ-ын App Store-ийн үнэгүй аппликейшнүүдийн жагсаалтад 69 дүгээр байр руу ухарч, таталтын хэмжээ 62 хувиар буурсан байна.

“Temu” “Shein” зэрэг Хятадын цахим худалдааны компаниуд энэ сарын 25-наас эхлэн бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Учир нь 800 ам.доллараас доош үнийн барааг татвараас чөлөөлдөг дүрэм цуцлагдаж, одоо АНУ руу импортлох бүх бараа өндөр тарифт хамрагдах болсны улмаас зардал эрс өсөөд байгаа аж.
Түүнчлэн “Temu”-ийн вэбсайтын төлбөртэй зар сурталчилгааны урсгал дөрөвдүгээр сарын 11-нээс хойш 77 хувиар буурсан бол “Google”-ийн зар сурталчилгаанд эзлэх хувь нь долоо хоногийн дотор 20 хувиас тэг болжээ.