Арсенал баг 16 жилийн дараа хагас шигшээд шалгарлаа
Английн “Арсенал” клуб Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод Испанийн “Реал Мадрид” багийг талбайд нь 2:1 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.

Арсеналчуудаас Букайо Сака (65 дахь минут), Габриэл Мартинелли (90+3) нар, талбайн эздээс Винисиус (67) гоол оруулжээ. 13 дахь минутанд Сака 11 метрийн торгуулийн цохилтыг алдсан байна. 2009 оноос хойш анх удаагаа хагас шигшээд шалгарсан “Арсенал” баг одоо Францын “Пари Сен-Жермен”-тэй тоглоно.
Харин “Реал” баг 2019-2020 оны улирлаас хойш анх удаагаа хагас шигшээд шалгарч чадсангүй. Өнгөрсөн онд болсон 2023/24 улирлын тэмцээний финалд Карло Анчелоттигийн дасгалжуулсан реалчууд Германы “Боруссиа” багийг 2:0 харьцаагаар хожсоноор Аваргуудын лигт түрүүлсэн билээ. “Реал” баг аваргуудын цомыг 15 удаа өргөсөн нь түүхэн дээд амжилт юм. Хагас шигшээгийн нөгөө тоглолтод Испанийн “Барселона”, Италийн “Интер” багууд учраа таарсан байна.
Хагас шигшээгийн эхний тоглолтууд 4 дүгээр сарын 29 ба 30-нд, хариу тоглолтууд 5 дугаар сарын 6 ба 7-ны өдрүүдэд болно. Аваргуудын лигийн тэмцээний финалын тоглолт 5 дугаар сарын 31-нд Мюнхен хотноо болох юм.