АвтоТехнологи

Hyundai шинэ төрлийн батарей танилцуулж, галын аюулыг автоматаар унтраах систем нэвтрүүллээ

Hyundai Mobis компани цахилгаан автомашины аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэх зорилгоор шинэлэг батарейны систем боловсруулснаа зарлалаа. Энэхүү Battery System Assembly (BSA) хэмээх нэртэй технологи нь дулааны огцом өсөлт буюу thermal runaway үүсэх үед автоматаар гал унтраах бодис цацаж, шаталт болон дэлбэрэлтийн эрсдлийг бууруулах чадвартай.

Уг систем нь батарейны хайрцаг, гал унтраах төхөөрөмж, хяналтын программ хангамж зэргээс бүрддэг бөгөөд батарейны менежментийн систем (BMS) нь температур, хүчдэл, даралтыг байнга хянаж байдаг. Хэрэв аюултай нөхцөл бүрдвэл, шаардлагатай хэсэгт гал унтраах бодисыг яг тэр дор нь цацах чадвартай юм.

Hyundai Mobis-ээс мэдээлснээр, энэхүү гал унтраах бодис нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй бөгөөд цахилгаан тусгаарлагч шинж чанартай. Тус системийн гал унтраах чадвар нь гэр ахуйн зориулалттай 3.3 кг гал унтраагчаас тав дахин илүү үр дүнтэй хэмээн үнэлэгджээ.

Тус компанийн зүгээс уг технологийг Европ, Хятад, Энэтхэг зэрэг улсуудад мөрдөгдөж буй шинэ аюулгүй байдлын стандартуудыг хангах зорилготойгоор боловсруулсан бөгөөд цаашид улам чангарах хуулийн шаардлагуудыг ч хангаж ажиллахаар төлөвлөж буйгаа илэрхийлсэн байна.

Энэхүү технологи нь цахилгаан автомашины хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэхээс гадна, EV-ийн аюулгүй байдалд томоохон дэвшил авчирна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button