iPhone гар утасны Энэтхэг дэх үйлдвэрлэлийг нэмэгдүүлжээ
Apple” компани өнгөрсөн онд “iPhone” ухаалаг утасныхаа Энэтхэг дэх үйлдвэрлэлийг 60 хувиар нэмэгдүүлжээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, тус компани Хятадаас өөр улсууд дахь үйлдвэрлэлээ төрөлжүүлэх зорилгоор ийм алхмуудыг хийж эхэлсэн байна.

Одоогоор “Apple” компани Энэтхэгт нийт төхөөрөмжийнхөө 20 хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд тус компани Энэтхэгийн зах зээлд эзлэх хувь 8 орчимд хүрсэн байна. Үйлдвэрлэлийнх нь хэмжээ ойролцоогоор 22 тэрбум ам.долларт хүрчээ. Энэтхэгт “iPhone”-ий бүх төрлийн загваруудыг угсардаг бөгөөд тус компанийн Энэтхэг дэх хамгийн том ханган нийлүүлэгчид нь “Foxconn Technology Group” болон “Tata Group” юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан шинэ тарифуудын зорилго бол “Apple” компанийн үйлдвэрүүдийг Америкт буцаан төвлөрүүлэхэд чиглэж байна. Харин Трампын засаг захиргаа ухаалаг гар утас болон бусад электрон төхөөрөмжүүдийг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр татвараас чөлөөлсөн юм.
“Apple” компани үйлдвэрлэлээ Америкт шилжүүлэх нь бодит байдал дээр хэрэгжихэд хүндрэлтэй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд үүний шалтгааныг нийлүүлэлтийн сүлжээний нарийн зохион байгуулалттай холбон тайлбарлаж байна.
Тариф нэмэгдсэнээс шалтгаалан “iPhone” гар утасны үнэ АНУ-д 43 хувиар өсөж, зарим загвар нь 2 300 ам.долларт хүрч магадгүй, харин үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлбэл үнэ 3500 ам.доллар хүртэл өсөх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.