Нийслэл хотын инфляц 10.1% өслөө
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс гуравдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1% өссөнийг Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээлэлд дурджээ. Инфляцын бүтцийг аваад үзэхэд 58.1% нь дотоодын бараа, 28.6% нь импортын бараа эзэлж байна. Тухайлбал бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнэ 5.9 нэгж хувиар тус, тус өсжээ. Улаанбаатар хотод нийт 124 бараа, үйлчилгээний үнэ өсөөд байна.

Инфляц нэмэгдэх болсон хамгийн гол шалтгаан нь 2024 оны 11 дүгээр сард цахилгааны үнийг нэмэгдүүлсэтэй холбоотой. Энэ оныг дуустал дээрх шийдвэрийн дам нөлөө инфляцад тусна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. Санхүүгийн голлох томоохон байгууллагууд тухайлбал АХБ инфляцын өсөлтийг энэ оны эцэст 9.1%, бусад байгууллагууд мөн дээрх түвшинд байна гэж таамагласан билээ.
Ташрамд сануулахад 2024 оны наймдугаар сард байгуулсан хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө ойрын дөрвөн жилд инфляцыг 5%-д барина гэж тусгаад байсан юм.