“Prada” компани “Versace” брэндийг 1.36 тэрбум ам.доллароор худалдан авлаа

“Prada” группын удирдлагууд “Versace”-гийн хүчирхэг, зоримог загварын өнгө төрхийг хадгалж, цааш нь хөгжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлжээ.
Италийн хувцас загварын алдарт брэндүүд болох “Prada” болон “Versace” нэгдэж буйг албан ёсоор зарлалаа. 1.36 тэрбум ам.доллароор уг хэлцлийг хийсэн бөгөөд уг худалдан авалт нь тансаг зэрэглэлийн шинэ “аварга” төрөх суурийг тавьж байна. Нэгдлийн үр дүнд “Prada” нь Францын “LVMH”, “Kering” зэрэг дэлхийн тэргүүлэх тансаг зэрэглэлийн групптэй өрсөлдөх чадамжтай болж байгаа юм.
“Prada” группын удирдлагууд “Versace”-гийн хүчирхэг, зоримог загварын өнгө төрхийг хадгалж, цааш нь хөгжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлжээ. “Prada” нь “Miu Miu”, “Church’s” зэрэг өөр олон дизайнер брэндийг эзэмшдэг.
Сүүлийн жилүүдэд “Versace” санхүүгийн хүндрэлтэй байсан бөгөөд энэхүү хэлцэлд компанийн өр ч багтаж буй аж. 2018 онд “Capri Holdings” тус брэндийг 2.15 тэрбум ам.доллароор худалдан авч байсантай нь харьцуулахад энэ удаа харьцангуй хямд дүнгээр хэлэлцээр хийгджээ.
“Prada” группын гүйцэтгэх захирал Андреа Гуэрра “Versace бол асар их нөөц бололцоотой брэнд. Харин түүнийг амжилтад хүргэхэд цаг хугацаа, тэвчээр, хичээл зүтгэл шаардлагатай” хэмээн онцолжээ.
Мөн энэ оны гуравдугаар сард Донателла Версаче 30 орчим жил хашсан бүтээлч захирлын албан тушаалаасаа бууж, брэндийн төлөөлөгчөөр ажиллахаар болсон. Харин түүний халааг “Miu Miu” брэндийн бүтээлч захирлаар ажиллаж байсан Дарио Витале авсан байна.