Өвлийн улиралд жирэмсэлсэн эхийн хүүхэд насанд хүрэхдээ таргалах магадлал бага
Өвлийн улиралд жирэмсэлсэн эхийн хүүхэд хожим насанд хүрэхдээ таргалах магадлал бага байдгийг Японы хэсэг судлаачид тогтоожээ.

Тохокүгийн Их сургуулийн удирдсан эрдэмтдийн баг энэхүү судалгааныхаа тайланг Мягмар гарагт ангаах ухааны “Nature Metabolism” сэтгүүлд нийтлүүлсэн юм. Тэд хүний биед агуулагддаг хоёр төрлийн өөхийг шинжилсэн юм байна. Эдгээр нь илчлэг хуримтлуулдаг цагаан өөх болон илчлэгийг шатааж, дулаан ялгаруулдаг бор өөх байжээ.
Биеийн температур буурахад бор өөх дулаан ялгаруулахын тулд идэвхтэй ажилладаг тул ийм төрлийн өөх нь идэвхтэй хүмүүс жингээ барихад хялбар байдаг гэнэ. Эрдэмтэд 18-29 насны 356 япон эрэгтэйн бор өөхийг шинжлэхдээ тэднийг эхийн хэвлийд бүрэлдсэн сараар нь ангилжээ.
Ингэхэд аравдугаар сарын 17-ноос дөрөвдүгээр сарын 15-ны хооронд бүрэлдсэн эрчүүдийн бор өөх дулааны улиралд бүрэлдсэн эрчүүдийнхээс илүү идэвхтэй байсан байна. Мөн тухайн эрчүүдийн ээж жирэмслэх үедээ хаана амьдарч байсан, тухайн үед агаарын температур ямар байсан зэргийг гүнзгийрүүлэн судлахад бор өөхний идэвхтэй чанар нь үр тогтох үеийн гадаад орчны температуртай хамааралтай байгааг тогтоожээ.
Олдсон үр дүнгээ таргалалтаас сэргийлэх, бодисын солилцоог сайжруулах арга технологи боловсруулахад ашиглах боломжтойг судалгааг ахалсан Тохокүгийн Их сургуулийн дэд профессор Такеши Ёнеширо онцолжээ.