
Алдарт сагсан бөмбөгчин ЛеБрон Жэймс дэлхийд алдартай Barbie брэндийн Кен хүүхэлдэйний “Kenbassador” буюу албан ёсны элч болж, өөрийн дүр төрхтэй хүүхэлдэйтэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин боллоо.
Mattel компаниас танилцуулсан энэхүү Кен хүүхэлдэй нь ЛеБроны хувийн хэв маягийг нарийн тусгасан бөгөөд цэнхэр, цагаан өнгийн varsity хүрэм, Nike-ийн пүүз, Beats чихэвч, нарны шил, “I Promise” бугуйвч зэрэг олон онцлогтой. Хүрэм дээр нь “23” дугаар, төрөлх Охайо мужийн бэлгэдэл, “We Are Family” гэх бичиг ч байршсан байна.
Хүүхэлдэй нь зөвхөн гоёл чимэглэлийн биш, бас урам зориг өгөх зорилготой. Энэхүү хамтын ажиллагаа нь ЛеБроны үүсгэн байгуулсан “LeBron James Family Foundation” сантай хамтран хэрэгжиж байгаа бөгөөд боловсрол, эрүүл мэнд, ажил мэргэжлийн чиглэлээр залуусыг дэмжих үйл ажиллагаанд анхаардаг.
“Залуучуудад эерэг үлгэр дууриалал үзүүлэх нь маш чухал. Barbie-ийн өв уламжлалд хувь нэмэр оруулж байгаадаа би баяртай байна” хэмээн ЛеБрон мэдэгджээ. ЛеБроны Кен хүүхэлдэй 2025 оны 4-р сарын 14-нөөс эхлэн 75 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарна.
