Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санто-Доминго хотын шөнийн клубийн дээвэр нурсны улмаас 124 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртжээ. Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг олоход 24-36 цагийн хугацаа үлдээд байна гэж аврах албаны дарга Хуан Мануэль Мендес мэдээлжээ.

Хохирогчдын дунд 51 настай алдарт бейсболчин Октавио Дотель байжээ. Аврагчид түүнийг нуранги доороос гаргасан боловч эмнэлэгт хүргэх замд нас барсан байна.
Доминиканы Ерөнхийлөгч Луис Абинадер ослын газарт очиж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ.
Санто-Доминго хотын “Jet Set” шөнийн клубийн дээвэр дөрөвдүгээр сарын 8-ны мягмар гаргийн шөнө гэнэт нурсан байна. Дээвэр нурах үед шөнийн клубт мянга орчим хүн байсан байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж аврах албаны дарга мэдэгдсэн байна. Нуранги дор олон хохирогч байсаар байгаа бөгөөд тэднийг аварч чадна гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Эрэн хайх, аврах ажиллагаанд 400 орчим аврагч оролцож байна.
“Jet Set” бол Санто-Доминго дахь алдартай шөнийн клуб бөгөөд даваа гаргийн үдэш бүр урлагийн тоглолтуудыг зохион байгуулдаг аж. Рубби Перезийн тоглолтод тус улсын улстөрчид, тамирчид болон бусад нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Хохирогчдын дунд Монте-Кристи мужийн захирагч Нельси Круз байсан бөгөөд тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.