Microsoft хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо
Өнгөрсөн дөрвөн арилжааны явцад Apple компанийн хувьцааны ханш 23 хувиар унаснаар Microsoft дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компаниар дахин шалгарчээ.

Тодруулбал, мягмар гаргийн арилжаа хаагдах үед Microsoft-ын зах зээлийн үнэлгээ 2.64 их наяд ам.долларт хүрсэн бол Apple-ийнх 2.59 их наяд ам.доллар болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ногдуулж буй гаалийн татварууд нь хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь уналтад оруулж байгаа бөгөөд технологийн томоохон компаниудын дотроос Хятадтай өргөн харилцаа бүхий Apple компани хамгийн хүнд цохилтод өртөж байна.
Д.Трамп дэлхийн 100 гаруй орны бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах шийдвэр гаргасан нь үнийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн хямрал нүүрлэх болгоомжлолыг төрүүлсний улмаас Nasdaq индекс сүүлийн дөрвөн арилжааны явцад 13 хувиар буурчээ. Даваа гарагт UBS группийн шинжээчид iPhone 16 Pro Max гар утасны үнэ АНУ-д 350 хүртэлх ам.доллароор өснө гэж таамагласан байна.