БизнесЭдийн засаг

Хятад улс Трампын хариу арга хэмжээний эсрэг эцсийг нь хүртэл тэмцэнэ

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хооронд худалдааны дайн өрнөхөд маш ойрохон очоод байна.

Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн ихэнх улсын эсрэг “харилцан татвар” тогтоох арга хэмжээ авч буйг зарлахдаа Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг 54 хувьд хүргэсэн юм. Үүний хариуд Бээжингийн эрх баригчид АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүний импортын татварыг 34 хувьд хүргэж өсгөсөн билээ. Энэ шийдвэр Пүрэв гарагаас хэрэгжиж эхэлнэ.

Харин Трамп тус хариу арга хэмжээгээ цуцлахгүй бол Хятадын импортын татварыг 104 хувь болгон өсгөхөөр сүрдүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр Хятадын худалдааны яам дээрх сүрдүүлгийг үл хайхран “эцсийг нь хүртэл тэмцэхээ” мэдэгджээ.

“Хятадын эсрэг импортын татвараа АНУ нэмэгдүүлэхээр заналхийлсэн нь өмнөх алдаан дээрээ нэмж алдаа гаргаж байгаа хэрэг юм. Энэ нь АНУ-ын айлган сүрдүүлэгч, дээрэнгүй шинж чанарыг дахин харууллаа” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Тэрбээр Хятад улс АНУ-ын сүрдүүлгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэрвээ зөрчлөө ийм арга замаар үргэлжлүүлбэл “эцсийг нь хүртэл тэмцэхээ” анхааруулжээ. Үүний хажуугаар “аливаа худалдааны дайнд ялагч байдаггүй” тул АНУ-ын талтай яриа хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байгааг давхар мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button