Дэлхийн эрчим хүчний 40 хувийг сэргээгдэх эх үүсгүүрүүд нийлүүлжээ
Өнгөрсөн онд дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 40 хувийг сэргээгдэх буюу цэвэр эрчим хүчний эх үүсгүүрүүд нийлүүлсэн байна.

Гэхдээ 2024 онд дэлхий даяар нийт эрчим хүчний хэрэгцээ өссөнтэй холбоотойгоор малтмал түлшээр эрчим хүч үйлдвэрлэх явдал бас нэмэгдэж, агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ шинэ дээд түвшиндээ хүржээ. Сэргээгдэх эх үүсгүүрүүдээс нарны эх үүсгүүр хамгийн хурдтай нэмэгдэж, сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэл нь хоёр дахин өссөн байна.
“Нарны эх үүсгүүр дэлхийн эрчим хүчний шилжилтийн хөдөлгүүр болж байна. Гэхдээ энэ амжилтын хажуугаар бид сөрөг үзэгдлийг анзаарахгүй өнгөрч болохгүй. Халуун цаг агаар малтмал түлшний хэрэглээг 2024 онд өсгөсөн байна. Гэхдээ 2025 онд ийм хэмжээний өсөлт ажиглагдахгүй гэж бид тооцоолж байна” гэж Ember хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Фил Макдоналд дүгнэсэн байна.
1940-өөд оны үеэс хойш сэргээгдэх эх үүсгүүрүүдийн үйлдвэрлэл нийт эрчим хүчний 40 хувийн босго давсан анхны тохиолдол энэ ажээ. Тухайн үед дэлхий даяар эрчим хүчний хэрэглээ маш бага байсан тул усан цахилгаан станцуудын оролцоо өндөр байсан юм байна.