Life

Устсан амьтдыг сэргээх зорилготой компани “Game of Thrones”-ийн чоныг амьдруулжээ

АНУ-ын Далласт төвтэй биотехнологийн “Colossal Biosciences” компани устаж үгүй болсон амьтдыг сэргээн амьдруулах ер бусын зорилгодоо томоохон амжилт гаргаснаа мэдээлжээ.

Даваа гарагт тус компани Хойд, Өмнөд Америкт 12 мянган жилийн өмнө устаж үгүй болсон гэгддэг “Aenocyon dirus” зүйлийн гурван чоно бүтээснээ зарласан байна. 35 кг жинтэй Ремус, Ромулус нэртэй ах дүү хоёр, мөн Калиси нэртэй эмэгчнийг АНУ дахь нууц байршилд үхэр, буга, адууны махаар тэжээн өсгөж байгаа бөгөөд нас бие гүйцэхдээ жирийн саарал чононоос 20-25 хувь том биетэй, 64 кг орчим жинтэй болцгоохыг мөн мэдээлжээ. Энэхүү зүйлийн чоно нь алдарт “Game of Thrones” цувралд гардгаараа олонд танигдсан юм.

Арслан зааныг дахин амьдруулахаар ажиллаж буйгаа 2022 онд зарлаж, дэлхий дахины анхаарлыг татаж байсан “Colossal Biosciences” энэ оны эхээр “Бөгжний эзэн” киноны найруулагч Питер Жэксон тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас өндөр дүнтэй санхүүжилт босгосноор зах зээлийн үнэлгээгээ 10 тэрбум ам.доллар хүргээд байв.

Ген засварлах технологийг хөгжүүлснээр зөвхөн балар эртний амьтдыг амьдруулаад зогсохгүй эрүүл мэнд, био төрөлжилтийн чиглэлд гайхалтай ахиц гаргаж болно гэж сурталчилдаг тус компани сүүлд гуравдугаар сард ажлынхаа эхний шатанд өтгөн үс ноостой хулгана бүтээснээ мэдээлж байлаа.

Харин чононуудыг бүтээхийн тулд АНУ-ын музейнүүдэд хадгалагдаж байсан гавлын яс, биеийн хэсгүүдээс ДНХ авч саарал чонын эсүүдтэй нэгтгэсэн байна. Дараа нь гений засвар хийсэн өндгөн эсийг гэрийн нохойд суулгаж тээгч эх болгосноор дээрх гурван бэлтрэгийг төрүүлж чаджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button