Өмнөд Хятадын тэнгист 100 сая тонн гаруй нөөц бүхий газрын тосны орд илрүүлжээ
Өмнөд Хятадын тэнгисийн зүүн хэсгээс 100 сая тонн гаруй батлагдсан нөөц бүхий газрын тосны томоохон орд илрүүлсэн тухай Хятадын үндэсний оффшор газрын тосны корпорац /CNOOC/ өнөөдөр мэдэгджээ.

Шинээр илрүүлсэн “Хуйжоу 19-6” газрын тосны орд нь Хятадын эргийн дагуу явуулж буй газрын тосны хайгуулд томоохон ахиц гарсныг харуулж байна, учир нь энэ бол гүнээс хэт гүн хүртэлх давхаргаас илрүүлсэн анхны томоохон газрын тосны орд юм аж.
Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэн хотоос 170 км-ийн зайд оршдог уг газрын тосны орд нь дунджаар 100 м-ийн гүнд оршдог. Туршилтын өрөмдлөг хийх явцад өдөрт 413 торх түүхий газрын тос, 68 мянган шоо м байгалийн хий олборлосон нь ордын нөөцийн хэмжээг харуулж байна. Тус компанийн мэдээлснээр, далайн гүнээс хэт гүн давхаргад газрын тос, байгалийн хийн хайгуул хийх нь өндөр хэм, өндөр даралт, нарийн төвөгтэй нөхцөлүүд гэх зэрэг олон сорилттой тулгардаг.
CNOOC-ын Шэньжэн дэх салбарын геологич Пэн Гуанрун хэлэхдээ, дэлхийд шинээр илрүүлсэн газрын тос, байгалийн хийн нөөцийн 60 хувийг гүний давхаргаас илрүүлж байгааг онцлон дурджээ.
Өмнөд Хятадын тэнгисийн зүүн хэсэгт явуулж буй газрын тос, байгалийн хийн хайгуулын ажил амжилттай явагдаж, хоёр жил дараалан 100 сая тонноос давсан нөөц бүхий газрын тосны ордуудыг илрүүллээ гэж CNOOC-ын гүйцэтгэх захирал Жоу Шиньхуай ярив.