ОХУ-ын нүүрсний салбар хямралд өртөж байна
Оросын нүүрсний салбар хүнд байдалд орж, нийтдээ 40 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай 30 орчим аж ахуйн нэгж дампуурлын ирмэгт тулжээ. Харин нийт 126 сая тоннын хүчин чадал бүхий өөр 62 компани дунджаас дээгүүр алдагдал хүлээжээ.

Эдгээрийн нөлөөгөөр салбарын олборлолт ойролцоогоор 40 сая тонноор буурч болзошгүй бөгөөд нүүрсний экспорт 15 хувиар агших эрсдэлтэй гэж үзэж байгаа аж. 2024 онд Орос улс нийт 438.6 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оныхоос 0.2 хувиар багассан үзүүлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар тус үйлдвэрлэлийн 9 хувь нь дампуурах эрсдэлтэй, харин 29 хувь нь эдийн засгийн хувьд дорой байдалд оржээ.
2024 оны эцэст Оросын нүүрсний компаниудын тал буюу 50 хувь нь алдагдалтай ажилласан байна. Салбарын нийт орлого 1.8 их наяд рубль буюу ойролцоогоор 19.35 тэрбум ам.доллар байсан ч энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 19 хувиар буурсан дүн юм. Түүнчлэн тус салбар 2023 онд 3.84 тэрбум ам.долларын ашигтай байсан бол өнгөрсөн онд 1.39 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.