Г.Ариунбаатар ОХУ-ын дуурийн “Оны шилдэг дуучин” боллоо
Оросын алдарт Мариинскийн театрын гоцлол дуучин, ховор драмын баритон Г.Ариунбаатар ОХУ-ын Каста Дивагийн нэрэмжит дуурийн шагналын “Оны шилдэг дуучин” номинацийн эзнээр тодорлоо.

Энэхүү шагналыг Мариинский театрт хэд хэдэн гол дүрийг бүтээсэн, мөн ОХУ-ын Большой театрт Ж.Вердигийн “Риголетто”дуурийн шинэ хувилбарын нээлтийн гол дүрийн тоглолтыг багтаасан бөгөөд дотоод болон гадаадын уран бүтээлүүдэд бүтээсэн дүрийнх нь төлөө түүнд олгожээ.
Тэгвэл түүний гол дүр бүтээсэн “Риголетто” дуурийн шинэ хувилбарын тоглолтыг Санкт-Петербургт Большой театрын аялан тоглолтын хүрээнд Мариинскийн тайзнаа энэ сарын 25-27-нд үзэх боломжтой аж.
“Каста Дива” шагналыг 1996 онд дуурийн урлагийн 400 жилийн ойг тохиолдуулан анх санаачилсан түүхтэй. Үүнээс хойш жил бүр дуурийн урлагт гарсан гарамгай амжилтыг үнэлэн өгдөг болсонбөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрт хөгжмийн шүүмжлэгчид багтдаг байна.