Хятад хамгийн том банкууддаа $72 тэрбумын хувьцааны худалдаа зохион байгуулна
Хятадын Засгийн газар банкны салбараа хамгаалах зорилгоор томоохон дөрвөн банкийг хамарсан 520 тэрбум юань ($72 тэрбум)-ын хувьцааны худалдаа зохион байгуулахаар болжээ.
Bank of China, Bank of Communications, Postal Savings Bank of China, China Construction Bank зэрэг банк тус бүр 165 тэрбум, 120 тэрбум, 130 тэрбум, 105 тэрбум юань босгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Эдгээр дөрвөн банкны хөрөнгө оруулалтын гол оролцогч нь Хятадын Сангийн яам байх бөгөөд өнгөрсөн онд эдгээр банкнуудын нийт хөрөнгө 10 их наяд юаньд хүрчээ.
Энэхүү Засгийн газрын удирдлагатай санхүүжилт нь банкнуудын үндсэн нэгдүгээр түвшний капиталыг нэмэгдүүлэх зорилготой юм. Нэгдүгээр түвшний капитал нь санхүүгийн зохицуулагч байгууллагуудын зээлийн хяналтад ашигладаг үзүүлэлт юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжүүлж буй тус улсын эдийн засгийг дэмжих бодлогын нэг хэсэг болоод буй.
Одоогийн байдлаар Хятад улс дефляцийн эрсдэл, хэрэглээний зардлын бууралт, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт гэсэн сорилтуудтай тулгарч байна.
Хятадын томоохон банкнууд ашиг орлогын дарамтад орж байгаа бөгөөд энэхүү санхүүжилт нь зээлийн олголтыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Түүнчлэн АНУ-ын Трампын Засаг захиргаанаас Хятадын экспортод шинэ тариф ногдуулсан нь эдийн засагт нэмэлт дарамт болж байна.