Далайн халимууд дуугаа хурааж байна
Далайн усны хэм нэмэгдсэний улмаас гол идэш нь болдог амьтдын тоо толгой хорогдож, улмаар далайн хөхтөн амьтад дуу чимээ гаргах нь цөөрснийг Калифорнид төвтэй “Monterey Bay Aquarium Research Institute” тогтоожээ. Тус институт 2015-2021 оны хооронд далайн усанд байрлуулсан микрофоноор халимын дууг бичин авч, шинжилгээ хийсний дүнд уг дүгнэлтийг гаргажээ.

Сүүлийн жилүүдэд далайн усны дулаарал нэмэгдсэнээр хавч хэлбэртэн, сам хорхойн төрөл зүйлийн амьтдын тоо толгойд ихээхэн хохирол учирсан байна. Амьдрах нөхцөл нь өөрчлөгдсөнөөр халимууд идэш тэжээлийн шинэ бүс хайж нүүдэллэх магадлалтайг мөн онцолжээ. “Хэрэв халим идэш тэжээл сайтай шинэ бүс рүү дүрвэж эхэлбэл тухайн бүсийг хэрхэн хамгаалах боломжтойг бид олох шаардлагатай” хэмээн Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Ванесса Зобелл өгүүлсэн байна.
Далайн ус дэлхийн нүүрсхүчлийн хийн нийт ялгарлын гуравны нэгийг, бохирдлоос үүдэлтэй илүүдэл дулааны 90 хувийг шингээж авдаг. Тэгвэл халим үлэмж биедээ CO2-ийг хуримтлуулж, гадагшлуулах замаар нүүрстөрөгч шингээдэг организмуудыг тэтгэж, далайн усны нүүрстөрөгчийн эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.