АНУ-ын тарифын бодлогын ялагч нь ТЕСЛА байв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 25%-ийн автомашины тариф тогтоосон нь тус салбарын үйлдвэрлэл, худалдаанд хүчтэй доргилт өгч байгаа ч цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla-ийн хувьд энэ нөлөөнд хамгийн бага өртөх компанийн нэг болж байна.
Гол шалтгаан нь Tesla-ийн бараг бүх автомашиныг АНУ-д үйлдвэрлэдэг, нийлүүлэлтийн сүлжээ нь ч дотооддоо байдаг.
Bernstein-ийн гаргасан судалгаагаар Tesla-ийн АНУ-д борлуулдаг автомашины эд ангийн 61% нь дотоодоос, 22% нь Мексик, 7% нь Канад, ердөө 3% нь Хятадаас ирдэг байна.
Харин өрсөлдөгч Toyota, GM зэрэг компаниуд АНУ-д борлуулдаг автомашиныхаа талаас илүү хувийг гадаадаас оруулж ирдэг. Тиймээс шинэ тариф нь үйлдвэрлэлийн өртөг, хэрэглэгчдэд хүрэх үнэд хүчтэй дарамт учруулах төлөвтэй байгаа юм.
Goldman Sachs-ийн тооцоолсноор, 25%-ийн тариф үргэлжлэх тохиолдолд автомашины үнэ 5,000-аас 15,000 ам.доллароор нэмэгдэж магадгүй байна.
Гэхдээ Tesla бүх эд ангиа дотоодоосоо хангаж чаддаггүй. Тухайлбал, Хятадын CATL-с литийн ион батарей, Солонгос, Япон, Мексикээс тодорхой эд ангиудыг оруулж ирдэг байна.
Тиймээс Илон Маск “Гадаадаас авдаг эд ангийн үнэ нэмэгдэх нь бидний зардалд нөлөөлнө” гэжээ.
Өчигдөр Tesla-ийн хувьцаа 0.4%-иар өссөн. Харин General Motors 7.4%, Ford бараг 4%, Stellantis 1.3%-иар унасан нь зах зээл дээрх хүлээлт, эрсдэлийн ялгааг тод харуулж байна.
Шинжээчид, өрсөлдөгчдийнх нь үнэ өссөнөөр Tesla тарифын өсөлтөөс ашиг хүртэх магадлалтай цөөн үйлдвэрлэгчийн нэг гэж үзэж байна.
Гэвч бүх зүйл эерэг биш байна.
Илон Маск Трампын гол зөвлөхийн нэг болсон нь Tesla-ийн брэндийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Европын холбоо болон Британи, Канадад цахилгаан машины татаасыг танаж, улс төрийн уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь Tesla-ийн тэлэлтийн хурдыг удаашруулж байна. Канадад Tesla-д зориулсан буцаан олголтын хөтөлбөрийг царцаасан нь үүний нэг жишээ юм.
Товчхондоо, Tesla нь АНУ-ын шинэ тарифын бодлогод хамгийн бага өртөж буй автомашин үйлдвэрлэгч хэдий ч дэлхий дахинд тулгарч буй улс төр, эдийн засгийн өөрчлөлтүүд нь тодорхой сорилтуудыг авчирч байна.
Цаашид компанийн өсөлт, зах зээл дэх байр суурь зөвхөн тариф бус олон улс дахь нэр хүнд, хэрэглэгчийн хандлага зэргээс хамаарах нь ээ.