Life

Өмнөд Солонгос улс үрчлүүлэх нэрээр “хүүхэд экспортолж” байсныг тогтоожээ

1950-аад оноос хойш Өмнөд Солонгосын эрх баригчид олон жилийн турш гадаад гэр бүлд хүүхэд үрчлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ засгийн газар хүний эрх зөрчсөн эсэхийг мөрдөн шалгах ажлыг 2022 онд эхлүүлсэн хараат бус Үнэн ба Эвлэрлийн Хороо дүгнэлтээ нийтэд танилцууллаа.

Robert Calabretta holds his baby photo from before he was adopted out of South Korea to a family in the United States, Thursday, Feb. 15, 2024, at his apartment in New York. (AP Photo/David Goldman)

Хорооны дарга Пак Сун Ён танилцуулах хэвлэлийн хурлын үеэр “Энэ бол манай түүхийн ичгүүртэй хэсэг. Үрчлэгдсэн олон хүн хайраар дүүрэн гэр бүлд өсөх азтай байсан бол бусад нь үрчлүүлэх үйл ажиллагааг алдаатай буруу явуулсны улмаас маш их зовлон зүдгүүр туулсан байна. Олон хүний зовлон өнөөдөр ч үргэлжилсээр байна” гэж хэлсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд 170,000 хүүхдүүд хамрагдсанаас ихэвчлэн Өрнөдийн орнуудын иргэдэд үрчлүүлж байжээ.

Ингэхдээ засгийн газар үрчлүүлэх үйл ажиллагааг хувийн зуучлагч байгууллагуудад даатгаж, хяналтгүй орхисноос хүний эрх ноцтой зөрчигдөж, ашгийн хойноос хөөсөн бизнес болон хувирсан байна.

Мөрдлөг явуулсан хугацаанд 1964-1999 оны хооронд үрчлэгдсэн 367 хүнээс шалгуулах хүсэлт хүлээн авчээ. Эдгээрээс 100 хүсэлтийг бүрэн шалгаж, 56 нь хүний эрхийн зөрчилтэй үрчлэгдсэнийг тогтоосон байна. Үлдсэн хүсэлтүүдийг шалгасан дүгнэлтээ тус хороо энэ оны тавдугаар сард багтаан танилцуулахаар төлөвлөжээ.

Тухайн үед тус улсын засгийн газар хүүхэд үрчлүүлэх хуулийг батлахдаа зохион байгуулалтын ноцтой алдаа гаргаж, хувийн зуучлагчдад хэт их эрх мэдэл өгснөөс хүний эрх зөрчигдөх үүдийг нээсэн аж. Тухайлбал зуучлагч байгууллагуудад сар бүр үрчлүүлэх хүүхдийн тоо хэмжээг өгдөг байсан ч ямар нэг төлбөр хураамж тогтоож өгөөгүй байна.

Ингэснээр зуучлагчид гадаадын иргэдээс авах хураамж, хандивыг өөрсдийн дураар тогтоож, мөнгө олох арга хэрэгсэл болгон хувиргажээ.

Мөн хүүхдийг үрчлүүлэхдээ эхээс нь зохих зөвшөөрөл аваагүй, хүүхдийг өнчин, эсвэл хаягдсан болгож харагдуулахын тулд ар гэрийнхнийх нь мэдээллийг санаатай гуйвуулж өөрчилсөн, үрчилж авах гадаад гэр бүлийг нь сайн судлаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button