Жил ирэх тусам хөрөнгө оруулагчдад олгох ногдол ашиг өснө

Сүүлийн 3 жилд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ эрчимтэй өссөн. Энэ нь дотоодын компаниудын ашиг нэмэгдэж, ногдол ашиг тараах хэмжээ өсөхөд эерэгээр нөлөөлж байна.
2025 онд дотоодын 43 компани 2024 оны цэвэр ашгаасаа нийт 1.04 их наяд төгрөгийн ногдол ашгийг хөрөнгө оруулагчдад олгохоор шийдвэрлэсэн.
Үүний 536 тэрбум төгрөг нь банкнуудын ногдол ашиг байгаа нь санхүүгийн салбарын ашигт ажиллагаа өндөр байгааг илтгэж байна.
Сүүлийн 10 жилд хөрөнгө оруулагчдад нийт 3.45 их наяд төгрөгийн ногдол ашиг тараагдсанаас 1.18 их наяд төгрөгийг банкнуудын ногдол ашиг бүрдүүлжээ.
Энэ нь банкны салбар тогтвортой ашигтай ажиллаж, хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж өгч буйг харуулж байна.
Ногдол ашгийн хэмжээ өсөх хандлага-Хөрөнгө оруулагчдын боломж
Цаашид ногдол ашгийн хэмжээ тогтмол нэмэгдэх төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдад давхар ашиг хүртэх боломжийг олгож байна. Мөн хувьцааны ханшийн өсөлтөөс гадна ногдол ашгийн өгөөж хүртэх боломж нэмэгдсэн нь урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжиж, зах зээлийг улам сонирхолтой болгож байна.
Одоогоор компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж эхэлсэн тул хөрөнгө оруулагчид ногдол ашгийн бүртгэлийн өдрийг анхаарч, төлөвлөгөөтэй хөрөнгө оруулалт хийх нь чухал юм.