Европын лиг байгуулах саналыг NBA судлана
Европын сагсан бөмбөгийн лиг байгуулах тухай саналыг Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ судалж үзнэ гэж тус холбооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Нийт 10 хүртэлх багаас бүрдэх шинэ лигийн тухай мэдээ цацагдсаны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Спортын мэдээллийн Sportico цахим хуудсанд бичсэнээр, NBA-гийн эзэд 8-10 баг, тэдгээрийн дотор Европын шилдэг клубүүдийн тэмцээн болох Евролигт тоглодог 4 хүртэлх тооны багийг оролцуулах төлөвлөгөөг судалж үзэхээр болжээ.

NBA-гийн хэвлэлийн төлөөлөгч Франс Пресс агентлагт мэдээлэхдээ, тус холбоо энэ долоо хоногт Европын лигийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд дэлхийн сагсан бөмбөгийн удирдах байгууллага болох FIBA-тай хамтран аливаа шинэ тэмцээнийг зохион байгуулна гэдгийг онцолсон байна. Энэ долоо хоногт болох NBA-ийн Удирдах зөвлөлийн хурлаар “FIBA-тай хамтран Европт эрэгтэй сагсан бөмбөгчдийн шинэ лигийг байгуулах талаарх байр сууриа илэрхийлнэ” гэж тэрбээр хэлжээ.
NBA Европын сагсан бөмбөгт улам их үүрэг гүйцэтгэж магадгүй гэсэн яриа сүүлийн саруудад сонсогдох болсон бөгөөд холбооны дэд комиссар Марк Тейтум “тус бүс нутагт сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх ашиглагдаагүй нөөц бололцоо бий” хэмээн өнгөрсөн 10 дугаар сард ярьж байв.