ОХУ-д хүүхэд төрүүлсэн дунд сургуулийн сурагчдыг урамшуулах хөтөлбөр зарлажээ
ОХУ-ын төв бүсийн Орёл муж хүүхэд төрүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мөнгөн урамшуулал олгодог болжээ.

Орёлыг оролцуулаад Оросын 40 муж энэ оноос эхлэн хүүхэд төрүүлсэн эмэгтэй оюутнуудад хамгийн багадаа 100,000 рублийн ($1,200) тэтгэлэг олгодог болсон юм. Орёл мужийн захирагч Андрей Клычков энэ хөтөлбөрөө өргөжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх захирамж гаргажээ.
Захирагчийн шийдвэр нэлээд дуулиан тарьсан бөгөөд ОХУ-ын хөдөлмөрийн яам ийм арга хэмжээ авах чиглэлийг бүх бүс нутгийн удирдагчдад өгсөн гэнэ.
“Ийм асуудалтай тулгарсан залуу охид бүсгүйчүүдийг ойлгох нь чухал гэж би хувьдаа бодож байна. Бид хүүхдийн болон эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад туслах үүрэгтэй” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ.
Орос улсын хүн ам зүйн хямрал Украины дайны улмаас улам гүнзгийрээд байгаа тул Москвагийн эрх баригчид төрөлтийг дэмжих өргөн хүрээний бодлого явуулж байгаа. Ерөнхийлөгч Путин төрөлтийг нэмэгдүүлэх ажлыг засгийн газрынхаа нэн тэргүүний зорилго болгож, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг “стандарт” болгохыг уриалсан.
Мөн “хүүхэдгүй амьдралын хэв маяг” сурталчлахыг “экстремист үзэл суртал”-д тооцож, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцдог болсон.