Манай улс цоохор ирвэсийн хоёр дахь том популяц бүхий орон болжээ
Мянга орчим тоо толгой бүхий цоохор ирвэстэй манай улс дэлхий дээр цоохор ирвэсийн хоёр дахь том популяц бүхий орон болж байна.

Монгол орны цоохор ирвэс нь Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Саяны нурууг дамнан ойролцоогоор 328 мянган км/кв газар нутагт тархан амьдардаг. Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь гаруй манай улсад бий. Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж нэрийддэг. Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг. Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг, 14 метр хүртэл хол үсрэх чадвартай, 10-13 жил насалдаг. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэдэг. Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллоно. Цоохор ирвэсийн толбо хүний хурууны хээ шиг бодгаль бүрээр өөр байдаг аж. Ирвэс нь мийнхэн овгийн амьтдаас хамгийн бага судлагдсан, хамгийн хүнд нөхцөлд амьдардаг, Дэлхийн Улаан номд багтсан маш ховор амьтан. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны үнэлгээгээр “эмзэг” ангилалд багтжээ.
Дэлхийд одоогоор 4000 ирвэс байгаа нь Хятад, Афганистан, Бутан, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Монгол, Балба, ОХУ, Пакистан, Тажикистан, Узбекистан улсад бий. БНХАУ гэхэд 2500 гаруй ирвэстэйгээр дэлхийд хамгийн олон ирвэстэй оронд тооцогддог бол ОХУ /Алтай, Тува, Буриад, Красноярск/ 90 орчим ирвэстэй судалгаа байдаг аж. Тиймээс ОХУ сүүлийн жилүүдэд цоохор ирвэсийн хамгаалал, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, өсгөж үржүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг “Дэлхийн цоохор ирвэсийн судалгаа хамгаалал хүчээ нэгтгэе” олон улсын хурлын үеэр онцолжээ. Хуралд 12 орны төрийн байгууллагын төлөөлөл оролцож, ирвэс хамгааллын өнөөгийн байдал болон хийсэн ажлын үр дүнгээ ярилцаж, ТББ, шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн судлаач нар судалгааны үр дүн, судалгаа, хамгаалалд сүүлийн үеийн нэвтрүүлж буй технологийн дэвшлээ танилцуулж, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны зорилтоо тодорхойлсныг БОУАӨЯ мэдээлжээ.
ОХУ-ын Байгаль орчин, экологийн яам, ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улсын Байгаль орчин, экологийн яам Татарстаны нийслэл Казань хотод энэ сарын 12-15-нд хамтран зохион байгуулсан хуралд БОУАӨЯ болон Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын шинжлэх ухааны зөвлөлийн дарга, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач, Увс нуурын УТХГ-ын захиргаа, ТББ-ын төлөөлөл оролцсон байна.