АвтоБизнес

Теслагийн хуучин автомашины зарах үнэ бусадтай харьцуулахад хоёр дахин хурдтай унажээ

зураг

Трампын засаг захиргаанд хэл амтай алба хаших болсноороо тэрбумтан Илон Маск бизнесийн хувьд нэлээд алдагдал хүлээж байгаа.

Түүний үйл ажиллагааг эсэргүүцсэн хүмүүс АНУ даяар Тесла автомашинаас татгалзах хөдөлгөөн өрнүүлж, Тесла хэрэглэгчдийг дарамтлах, өмч хөрөнгөнд нь халдах явдал улам нэмэгдэж байна.

Трампыг сонгуульд ялсны дараа Теслагийн хувьцааны ханш түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн бол өнөөдөр энэ өсөлт бүрэн замхраад байгаа.

Үүнээс гадна тус компанийн зах зээлийн нөхцөл байдал ч сайнгүй байна. Өнгөрсөн онд Теслагийн Европын зах зээл дэх борлуулалтын хэмжээ эрс буурсан бол Хятадын зах зээлд дотоодын олон үйлдвэрлэгчдийн зүгээс ширүүн өрсөлдөөнтэй тулгараад байгаа.

Үүнээс гадна Теслагийн хуучин автомашины эрэлт зах зээлд хурдтай буурч байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Тухайлбал cars.com сайтын мэдээлснээр сүүлийн нэг сарын хугацаанд Теслагийн хуучин автомашины хайлт 16 хувиар буурсан бол бусад үйлдвэрлэгчдийн цахилгаан автомашины хайлт сүүлийн нэг жилд 28 хувиар өссөн байна.

Авто худалдааны CarGurus сайтын мэдээлснээр Теслагийн хуучин автомашины зарах үнэ бусад үйлдвэрлэгчдийнхтэй харьцуулахад хоёр дахин хурдтай буурчээ.

Тухайлбал тус компанийн хамгийн өвөрмөц загвартай бүтээгдэхүүн болох Cybertruck SUV-ийн дахин зарагдах үнэ анхны үнийнхээ 58 хувьд хүрэхгүй хэмжээтэй болсон нь хамгийн их бууралт болсон байна.

Саяхан Канадын Ванкувер хотод эхэлсэн авто үзэсгэлэнгээс Тесла хасагдсан нь зохион байгуулагчид халдлага гарахаас болгоомжилсонтой холбоотой арга хэмжээ байжээ.

Илон Маск болон Трампын засаг захиргааныхан Теслагийн эсрэг хөдөлгөөнийг Ардчилсан Нам зохион байгуулж байгаа хэмээн шүүмжилж байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Лэвитт энэ долоо хоногийн Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “Илон Маск ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжих хүртэл Ардчилсан Намынхан Тесла болон түүний цахилгаан автомашины том дэмжигчид байсан юм” гэж хэлжээ.

Үнэхээр ногоон хувьсгалд үнэнч либерал үзэлтнүүд цахилгаан автомашины хамгийн том худалдан авагчдын бүлэг юм. Эсрэгээрээ уур амьсгалын өөрчлөлтөд итгэдэггүй консервативууд цахилгаан автомашиныг төдийлөн үнэлдэггүй.

Илон Масктай холбоотон болохоосоо өмнө Дональд Трамп цахилгаан автомашины шилжилтийг дэмждэггүй байснаас үүнийг харж болно.

“Дуулиан, эсэргүүцэл тэмцэл нь брэндийг уналтад оруулж байгаа мэт харагдуулж байгаа ч зах зээлийн нөгөө хэсэг болох улс төрийн баруун жигүүрийн хүмүүсийн дунд улам бэхжиж байж болох юм. Гол асуудал нь баруун жигүүрт нэмэгдэж буй шинэ хэрэглэгчийн тоо зүүн жигүүрт унаж буй тоог нөхөх үү гэдэгт байна” гэж Өмнөд Калифорнийн Их сургуулийн маркетингийн ухааны дэд профессор Ике Силвер ярьжээ.

Нөгөө талаас цахилгаан автомашиныг харах хүмүүсийн өнцөг уламжлалт автомашиныхтай харьцуулахад өөр байгаа нь хуучин автомашины үнэ хурдтай унахад нөлөөлж байгааг зарим судлаачид онцолж байна.

Тухайлбал цахилгаан автомашиныг хүмүүс ердийн тээврийн хэрэгсэл гэхээсээ илүү технологийн бүтээгдэхүүн гэж хардаг. Тиймээс батарейн чанар муудах, программын шинэчлэлд хамрагдахаа болих зэрэг айдас цахилгаан автомашин хэрэглэгчдийг байнга дагалддаг байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button