ОХУ Ангараг руу нисэх төлөвлөгөөг Элон Масктай хэлэлцэнэ

ОХУ ирээдүйд АНУ-тай сансрын салбарт хамтран ажиллах томоохон амбицыг тээж байна. Тодруулбал, ОХУ удахгүй тэрбумтан Элон Масктай Ангараг гараг руу нисэх төлөвлөгөөний талаар хэлэлцэх гэж буйг Кремлийн Олон улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тусгай элч Кирилл Дмитриев хэллээ.
Өнгөрсөн сард элчээр томилогдсон тэрбээр “Оросын дайснууд АНУ-ын ерөнхийлөгч Трампийн Москватай яриа хэлэлцээгээ сэргээх гэсэн оролдлогыг таслан зогсоохыг оролдож байна” гэв. Мөн хүн төрөлхтний ололт амжилтын хил хязгаарыг давах Маскийн хүчин чармайлтыг магтжээ.
ОХУ сансрын “Роскосмос” агентлаг болон төрийн мэдлийн цөмийн корпораци “Росатом”-ыг хөгжүүлэх хүчин чармайлтын хүрээнд Элон Масктай хамтран ажиллах хүсэлтэй байна.
Путин Украин руу цэрэг илгээх шийдвэр гаргасны дараа Европын сансрын агентлаг ОХУ-тай хамтарсан төслөө зогсоосон билээ. Үүний дараа удалгүй ОХУ Ангараг гариг руу бие даасан нислэг үйлдэж эхэлнэ гэж мэдэгдсэн юм.