$1-ын ундаа зардаг “Mixue” нь “Starbucks”-ийг ардаа орхилоо
1990-ээд оны эцсээр их сургуулийн оюутан Жан Хунчао Төв Хятадын 13 сая гаруй хүн амтай Жөнжоу хотод хүйтэн ундааны жижиг мухлаг нээжээ. Үүнээс арваад жилийн дараа түүний дүү Жан Хунфу бизнест нь нэгдсэн байна. Өдгөө тэд дэлхий даяар түгсэн “Starbucks”-ийн суут эзнээс ч илүү чинээлэг болцгоожээ.

БНХАУ-ын хүнс, шингэн хүнсний эзэнт гүрэн “Mixue Group” одоогоор 45 мянга 300 гаруй салбараар дамжуулан ердөө нэг ам.долларын үнэтэй боба цай, кофе, зайрмаг борлуулж байна. Тус компани гуравдугаар сарын гурванд Хонконгийн биржид хувьцаагаа нээлттэй санал болгож, 444 сая ам.доллар татан төвлөрүүлсэн нь 2024 он гарсаар тус хотод хийгдсэн хамгийн өндөр дүнтэй IPO болжээ.
Гэрлийн хурдаар өссөн он жилүүдийн эцэст “Mixue” өдгөө салбарын тоогоор дэлхийн хүнс, ундааны салбарын биржид бүртгэлтэй бүхий л компанийг тэргүүлж, өнгөрсөн онд “Starbucks”, “McDonald’s”-ийг ардаа орхижээ.
Жан Хунчао 1997 онд Хэнань мужид оюутан байхдаа ундааны мухлагаа нээсэн ч бизнесийн анхны оролдлогууд нь бүгд бүтэлгүйтжээ. Улмаар 1999 онд “Mi Xue Bing Cheng” буюу “Чихэрлэг сэрүүн мэдрэмж” хэмээх нэртэй жимсний чанамалтай мөсөн зайрмаг зарж эхэлсэн нь өнөөгийн “Mixue”-ийн эхлэл болжээ. Тухайн үед зайрмагаа өрсөлдөгчдөөсөө 20 хувиар хямд үнээр борлуулдаг байсан Хунчао яваандаа сонголтоо өргөжүүлж шинэхэн жимс, тапиока бөмбөлөг, сүү хольж хийсэн цай, смүти зардаг болжээ. Энэ төрлийн “боба” цай нь сүүлийн жилүүдэд Хятадад болон Азийн бусад орнуудад ихээхэн алдаршаад байгаа.