“Атар-IV” аяны хүрээнд тариалангийн талбайг 200 мянган га-гаар нэмэгдүүлнэ
Монгол Улсын тариалангийн хөрсний 60 орчим хувь нь ямар нэг хэмжээгээр элэгдэлд орсон. 2024 онд улсын хэмжээнд нийт 632.7 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оноос 9.5 мянган га-гаар буурсан хэмжээ болж байгаа бөгөөд үүний 60 гаруй хувьд нь төмс, хүнсний ногоо, үр тариа тариалсан байна. Сүүлийн гурван жилийн байдлаар хүнсний ногоо тарьсан талбайн хэмжээ нэмэгдсэн бол үр тарианы талбай жил дараалан буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Засгийн газар тариалангийн талбайг шинээр 200 мянган га-гаар нэмэгдүүлж, хөрсний үржил шимийг сайжруулах зорилт тавиад байгаа ба энэ хүрээнд тариалангийн сэлгээнд ашигт таримал тарьж, цулгуй уриншийн хэмжээг 150 мянган га хүртэл бууруулахаар төлөвлөж байна. Мөн тариалангийн талбайн хөрсийг хамгаалахаар 10 мянган км ойн зурвас байгуулна. Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг 10 мянган га-гаар нэмэгдүүлэхийг зорьж буйг салбарын яам мэдээлсэн юм.
Улсын хэмжээнд 2023 онд 82.8 мянган га тариалангийн газарт хохирол учирсныг Үндэсний статистикийн хороо мэдээлж байв. Хохирол нь геологийн эрэл хайгуул, уул уурхайн олборлолт, зам барилга, батлах хамгаалах үйл ажиллагаанаас үүдэлтэй хохирол байгаа аж.