Тойрог замд есөн сар гацсан сансрын нисгэгчид дэлхийдээ буцаж ирлээ
Есөн сарын өмнө НАСА-гийн сансрын нисэгчид Бач Уилмор, Суни Уилльямс нар Боинг компанийн анхны сансрын хөлгөөр дэлхийн тойрог замд долоо хоног ажиллах төлөвлөгөөтэй хөөрсөн ч техникийн доголдол гарсны улмаас хүн тээвэрлэх боломжгүй болсон тул хоосон буцаж, сансрын нисэгчид тойрог замын Олон Улсын Сансрын Станцад үлдсэн юм.

Хэд хэдэн удаа хойшилж, удаан хүлээсний эцэст тэд өчигдөр SpaceX компанийн сансрын хөлгөөр дэлхийдээ буцаж иржээ.
Тэд сансарт байх анхны төлөвлөсөн хугацаанаасаа 278 хоног хэтрүүлж, 286 хоногийг өнгөрүүлэхдээ дэлхийг 4,576 удаа тойрч, нийт 195 сая километр зам туулжээ.
Түүхэнд үүнээс урт хугацаагаар сансарт ажилласан хүмүүс байдаг ч тэдэн шиг ийм урт хугацаагаар саатаж, тодорхойгүй нөхцөлд байсан сансрын нисгэгчид байхгүй юм. Гэхдээ энэ хугацаанд тэд зүгээр суулгүй их ажил амжуулсан байна.
Тэд олон туршилт судалгаанд оролцож, станцын багаж төхөөрөмжүүдийг засварлаж, задгай сансарт хүртэл ажиллажээ. Тухайлбал Уилльямс есөн удаа нийт 62 цагийг хөлгийн гадна, задгай сансарт өнгөрөөж, эмэгтэй сансрын нисэгчдийн дээд амжилтыг тогтоосон байна.
62 настай Уилмор, 59 настай Уилльямс нарыг одоо эмчийн хяналтад цөөн хэд хоног байлгаж, дэлхийн татах хүчинд дасгасны дараа гэр гэрт нь хариулах ажээ.