Энэ хаврын трэнд бөмбөлгөн хээ
Саяхныг хүртэл төрөл бүрийн амьтны хээ зонхилсон хувцас тренд болж байсан бол энэ жил бөмбөлгөн хээ алагласан, романтик өнгө аястай загварууд олны анхаарлыг илүү татаж байна.
Valentino, Carolina Herrera, Jacquemus, Moschino, Altuzarra гэхчлэн дэлхийн шилдэг брэндүүд шинэ улирлын цуглуулгадаа сонгодог хар цагаанаас эхлээд төрөл бүрийн тод өнгийн бөмбөлгөн хээтэй загваруудыг шингээж өгчээ.

Харин энэхүү чиг хандлагыг хэрэгжүүлэхдээ тэнцвэрийг олох нь маш чухал юм. Жишээлбэл, бөмбөлгөн хээтэй юбка өмсөхөөр шийдсэн бол дээгүүрээ энгийн силуэттэй цамц сонгож өмсөх нь хувцаслалтыг тань илүү тэнцвэртэй харагдуулна. Эсвэл өдөр тутмын хувцаслалтаа илүү дэгжин, шик харагдуулахыг хүсвэл бөмбөлгөн хээтэй хүзүүний алчуур, гадуур хүрэм, цүнх зэргийг хослуулан загварчлаарай. Мөн бөмбөлгөн хээтэй хувцас өмссөн бол амьтны, цэцгэн гэх мэт бусад төрлийн хээтэй хослуулахгүй байх нь хамгийн зөв шийдэл байх болно.