Ноорог.мн сайтын хамт олныг баривчилжээ
Өчигдөр буюу 3-р сарын 17-ны шөнө Баянзүрх дүүрэг дэх оффис дээрээ ажлаа хийж байсан Ноорог.мн сайтын ажилчдыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажлын хэрэгсэл, утас, хард гэх мэт зүйлсийг хураасан байна. Тухайн үед оффис дээр 7 хүн байсан ба гэртээ байсан 2 сэтгүүлч л үлдээд байгаа юм. Мөн баривчилсан хүмүүсээс өчигдөр 10 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл мэдүүлэг авсан байна.
Тус сайт 12:00 цагаас хэвлэлийн бага хурал зарласан байсан ч 10:00 цагаас дахин байцаалтанд дуудсан байна.

Энэ талаар үргэлжлүүлэн тодруулахад тэднийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар баривчилжээ. Зүйл ангид “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.
Энэ талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагаас тодорхой хэргийн шалгалтын явцад зохион байгуулсан ажлын явцад түр саатуулсан” гэлээ