Илон Маск Хятадыг хамгаалж байна

Илон Маск АНУ-ын төрийн албаны бүтцийг өөрчлөх ажлыг удирдаж, засгийн газрын зардлыг бууруулах чиглэлд ажиллаж байгаа ч түүний бизнес Хятадад улам өргөжин тэлж байна. Tesla-гийн Шанхай дахь Gigafactory үйлдвэр дэлхийн нийт Tesla-гийн 50%-ийг үйлдвэрлэж, шинэ $200 саяын Megapack батарейн үйлдвэр ашиглалтад орсон нь Хятадын зах зээл дэх Tesla-гийн байр суурийг улам бэхжүүлж байна.
Хятад улс Tesla-д томоохон боломж олгосон ч энэ нь Маск АНУ-ын стратегийн өрсөлдөгчтэй хэт ойртож байгаагийн дохио гэж зарим шинжээчид үзэж байна. АНУ-ын улс төрчид Маскийг Бээжингийн ашиг сонирхолд үйлчлэх магадлалтай гэж болгоомжилж байгаа бөгөөд Tesla-гийн Хятадад хэт хамааралтай байх нь АНУ-ын хувьд эрсдэл дагуулж болзошгүй гэж үзэж байна.
Tesla-гийн шинэ загварууд Хятадад АНУ-аас түрүүлж нэвтэрч, Хятадын зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалах зорилгоор Маск АНУ-ын цахилгаан машины тарифыг эсэргүүцэж байгаа нь түүнийг Хятадын талд илүү найрсаг хандаж байна гэж харагдуулж байна. Хятад улс хүсвэл Tesla-д хатуу шалгалт явуулах, үйлдвэрлэлийн эрхийг нь цуцлах боломжтой бөгөөд энэ нь Маскыг Бээжингийн дэмжлэгийг алдахаас болгоомжлоход хүргэж байна.
Тайванийн асуудлаар Маск Бээжингийн байр суурийг хамгаалсан мэт мэдэгдэл хийсэн нь Хятадын эрх баригчдад таалагдсан ч АНУ болон Тайванийн засгийн газарт сөргөөр нөлөөлсөн. Түүний Хятад дахь нөлөө АНУ-Хятадын харилцаанд эерэг үр дүн авчрах боломжтой ч энэ нь аль улсын ашиг сонирхолд нийцэж байгаа нь тодорхойгүй байна.
АНУ-ын Конгрессын гишүүд Маскийг Хятадын нөлөөнд орох эрсдэлтэй гэж үзэж, Трампын засаг захиргаанд Маскаар дамжуулан Бээжин нөлөөлж болзошгүй гэж анхааруулж байна. Нөгөө талаас, Хятад улс Tesla-гийн үйлдвэрлэлд хяналт тавьж, хатуу бодлого баримталж эхэлбэл Маскийн бизнес эрсдэлд орох магадлалтай.