MrBeast дийлэнх орлогоо YouTube-ээс бус шоколаднаас олдог болжээ

YouTube-ийн хамгийн алдартай контент бүтээгч MrBeast буюу Жимми Дональдсоны Beast Industries компани өнгөрсөн онд шоколадны бизнесээр дамжуулан 250 сая ам.долларын борлуулалт хийж, 20 сая ам.долларын цэвэр ашиг олжээ. Харьцуулбал түүний YouTube суваг болон Amazon-ийн Prime Video дахь реалити шоуг багтаасан медиа бизнес нь хэдий орлого ойролцоо ч 80 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна.
Шоколадны Feastable, савласан хүнсний Lunchly зэрэг брэндүүдийн дийлэнх хувийг эзэмшдэг Beast Industries сүүлийн дөрвөн жилд эдгээр бизнесүүддээ 450 сая гаруй ам.долларын санхүүжилт татсан аж. MrBeast бизнесүүдээ улам өргөжүүлэхээр ойрын хугацаанд дахин санхүүжилт босгож, компанийнхаа үнэлгээг 5 тэрбум гаруй ам.долларт хүргэхээр зорьж буй талаар мэдээлэл саяхан гарсан юм.