“LVMH”-ийн Бернар Арно “Loro Piana” брэндийн захирлаар хүүгээ томилов

“LVMH” групп тэрбумтан үүсгэн байгуулагч Бернар Арно хөвгүүдийнхээ нэгийг Итали ноолууран хувцасны брэнд “Loro Piana”-ийг удирдуулахаар томилжээ. Энэхүү шинэ томилгоо нь 75 настай Бернар Арногийн залгамжлагчаар хэн тодрох тухай таамаглалыг эргэн анхаарлын төвд авчирч байна.
Одоогоор “LVMH”-ийн цагны брэндүүдийг удирдаж буй Фредерик Арно ирэх зургаадугаар сард “Loro Piana”-ийн Гүйцэтгэх захирал Дамиан Бертраны албан тушаалыг хүлээн авах аж. Дамиан Бертраны хувьд “Louis Vuitton”-ийн Гүйцэтгэх захирлын орлогч болон дэвшиж байгааг компани лхагва гарагт мэдээлжээ.
Бернар Арногийн таван хүүхэд өдгөө тавуулаа “LVMH”-д чухал албан тушаал хашиж буй. Том охин Дельфин Арно нь 2023 оноос “Dior” брэндийг удирдах болсон бол том хүү Антуан Арно нь “LVMH”-ийн холдинг компани “Christian Dior SE”-ийн Гүйцэтгэх захирал. Мөн сүүлд 11 дүгээр сард тус групп Нью-Йоркт “Tiffany” брэндийг удирдаж байсан Александр Арног Парист эргүүлэн дуудаж, “Moët Hennessy”-ийн Гүйцэтгэх захирлын орлогчоор томилсон юм. Харин 27 настай бага хүү Жан Арно нь “LVMH”-ийн цагны бизнесийн Маркетинг, хөгжүүлэлтийн захирлаар ажиллаж байна.