Иргэдийн дансны дугаарыг ирэх сарын 1-ээс IBAN дугаарлалтад шилжүүлнэ
Арилжааны банкууд дахь иргэд, аж ахуйн нэгжүүдийн дансны дугаарыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн IBAN буюу олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлж байна. International Bank Account Number (IBAN) дугаар гэдэг нь олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий ISO 13616 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаар юм.
Одоогоор Европын холбооны бүх улс, Швейцар, Кипр, Арабын Нэгдсэн Эмират, Герман, Их Британи зэрэг дэлхийн 75 улс IBAN дугаарлалтыг ашиглаж буй.
Эл стандартын дагуу ирэх сараас эхлэн Монгол Улсын нийт иргэд, аж ахуйн нэгжүүд зөвхөн шинэ дансны дугаарыг ашиглах ба бүх банкны ямар ч гүйлгээнд, дотоод, гадаад гэж ялгахгүйгээр ашиглан гүйлгээ хийх болж байна.
IBAN дугаар ашиглах нь ямар давуу талтай вэ?
• Олон улсын стандартад нийцсэн дансны дугаар ашиглах нь гүйлгээний хурдыг нэмэгдүүлнэ.
• Хүлээн авагчийн дансны дугаар алдаатай эсэхийг шалгаж, шилжүүлэг саатах болон буцахаас урьдчилан сэргийлнэ.
• Нэр болон данс зөрүүтэй, давхардсан тохиолдол гарахгүй юм.
