Дүрдэг цай нь усан дахь хүнд металлыг шүүдэг болохыг тогтоожээ

Цай уух нь зүрх судасны өвчнөөс сэргийлэх, үрэвслийн түвшинг бууруулах зэрэг олон ашиг тустай. Харин саяхан хийсэн судалгаагаар дүрдэг цай хандлах явцад усыг шүүн цэвэршүүлэх боломжтой болохыг илрүүлжээ.
АНУ-ын Нортвестерн их сургуулийн судлаачид цайны навч нь хар тугалга, кадми зэрэг хүнд металлыг өөртөө шингээж авах чадвартай болохыг тогтоосон байна. Судалгаагаар цайны төрөл (хар, ногоон, өөлөнг, цагаан, ромашка, ройбуш), цай чанах арга, навчны бүтэц (бүхэл эсвэл нунтаг) зэрэг нь металлыг шүүх чадварт хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна.
Судалгаанд цайг өөр өөр хугацаанд хандалж, усанд үлдсэн металлын хэмжээг тодорхойлсон байна. Үүнээс:
- Целлюлозон ууттай цай хүнд металлыг хамгийн сайн шүүсэн.
- Хөвөн ба нейлон ууттай цай бараг металлыг шүүж чадсангүй.
- Нунтагласан хар цай хамгийн сайн шингээх чадвартай байв. Учир нь хандлагдах явцад үрчийсэн навчнууд нь тэнийж, гадаргуугийн талбай нэмэгдсэнээр металлыг илүү сайн шүүн барьж чаддаг болох нь тогтоогджээ.
Хар тугалгыг 15 хувиар бууруулах боломжтой
Нэг аяга усанд нэг цайны уут хийж 3-5 минут хандлахад хар тугалгын агууламжийг ойролцоогоор 15 хувиар бууруулдаг болохыг тогтоосон байна. Гэхдээ цайг удаан хандлах тусам металлыг илүү сайн шүүдэг аж.
Цай нь дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг ундны төрөл юм. Тиймээс нэг талаасаа энэ маш сайн мэдээ боловч нөгөө талаасаа цай нь зөвхөн ундны усанд агуулагдах хүнд металлын хэмжээг бууруулахад туслах ч цэвэршүүлэх гол арга болохгүй гэдгийг судлаачид онцолжээ. Усанд бусад бохирдол болох, тухайлбал, нитрат, ариутгалын хорт бодис, хүнд элементүүд (мишьяк, PFAS гэх мэт) агуулагдаж болох тул шүүлтүүр хэрэглэх нь илүү үр дүнтэй гэдгийг сануулж байна.
Нөгөөтэйгүүр энэхүү судалгааг хийхдээ усан дахь хар тугалгын хэмжээг 10 ppm буюу 0,001% гэсэн өндөр агуулгатай үед хийсэн. Гэтэл АНУ дахь ундны усан дахь хар тугалгын хэмжээ нь 1-10 ppb байдаг. Өөрөөр хэлбэл судалгаан дээрхээс 1000-10000 дахин бага хэмжээтэй гэсэн үг юм. Тэгэхээр улс орон бүрт магадгүй өөр өөр байх боломжтой.
Цай чанах нь тодорхой хэмжээнд усан дахь хүнд металлыг бууруулах ч бүрэн цэвэршүүлэх арга биш. Ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд нүүрсэн шүүлтүүр ашиглах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг судлаачид зөвлөж байна. Хүүхдүүдийн хувьд хар тугалгын ямар ч хэмжээ аюултай тул ундны усны чанарт онцгой анхаарах шаардлагатай юм