12м-ийн гүнээс Марокко Испанийг холбосон хар тамхины нууц хонгил илрүүлжээ

Испаний иргэний харуулын алба 2025 оны 2-р сарын 19-нд Ceuta хотын орхигдсон агуулахаас нууц хонгил илрүүлжээ. Тус хонгил нь 12 метрийн гүнд 40 см өргөн, 60 см өндөртэй Марокко Испанийн хил дагуу Ceuta хот руу их хэмжээний хар тамхи тээвэрлэхэд ашиглагдаж байсан нөхцөл байдал тогтоогджээ. Хар тамхины нууц хонгилын хэрэгтэй холбогдуулан цагдаа нар “Operation Hedas” ажиллагааг явуулж нийт 14 хүн баривчлагджээ. Тэдний дунд 2 иргэний харуулын ажилтан, 1 шоронгийн ажилтан, 1 орон нутгийн улстөрч хар тамхины бүлэглэлтэй холбоотой нь тогтоогдсон байна.

Түүнчлэн 3 долоо хоногийн хугацаанд 6 тонн гаруй хар тамхи хураан авсан байна. Одоогоор хонгил хэрхэн үүссэн нь тодорхойгүй байгаа ч хэд хэдэн таамаг дэвшүүлээд байна. Зарим мэргэжилтнүүд үүнийг Испанийн цэргийн байгууламжийн үлдэгдэл байж магадгүй гэж үзэж байгаа бол бусад эх сурвалжууд 1992 онд хаагдсан África Star нэртэй шар айргийн үйлдвэрийн ус зайлуулах хоолой байх магадлалтай гэжээ.

Испаний эрх баригчид хонгилын Марокко талын гарцын байршлыг тогтоохыг хүссэн ч Мароккогийн талаас ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй байна. Энэ нь Испаний хилийн хамгаалалт, гаалийн хяналтын тогтолцоонд томоохон сул тал байгааг харуулж байгаа хэрэг бөгөөд зөвхөн Испани биш бүтэн европын асуудал гэж европын холбооноос анхааруулжээ.
