Бизнес

Украиныг сэргээн босгоход 524 тэрбум доллар шаардлагатай гэв

Оросын цэрэг цөмрөн орсноос хойших хугацаанд Украинд учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийг сэргээн босгоход 524 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа нь тус улсын 2024 оны ДНБ-нээс гурав дахин давж байна. Ийм тооцоолол хийснээ Дэлхийн банк, НҮБ, Европын Комисс, Украины засгийн газрын шинжээчид танилцууллаа.

Тооцооллыг хийхдээ Оросын цэргийн довтолгоо эхэлсэн өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацааг хамруулжээ. 

Өмнө нь 486 тэрбум доллар шаардлагатай гэж үзэж байсан бол энэ тоо 7 хувиар өссөн байна. Орон сууц, тээвэр, эрчим хүч, худалдаа, боловсролын салбарт хамгийн их хохирол учирчээ. Тухайлбал, нийт орон сууцны фондын 13 хувь буюу 2,5 сая барилга байшин эвдрэн сүйдсэн байна. Нурангийг цэвэрлэх ба хог хаягдлыг зайлуулахад 13 тэрбум доллар шаардлагатай байна. 

Оросын довтолгоо үргэлжилсээр байгаа тул сэргээн босголтын зардал өссөөр байгааг Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль дурджээ. 

Одоогийн байдлаар, 2025 оны эн тэргүүний хэрэгцээнд зориулан Украины засгийн газар олон улсын доноруудын дэмжлэгтэйгээр 7,37 тэрбум доллар бүрдүүлээд байгаа боловч дахин 10 тэрбум орчим доллар дутагдаж байна. 

Харин цаашдаа орон сууцны салбар /84 тэрбум доллар/, тээвэр /78 тэрбум/, эрчим хүчний ба олборлох салбар /68 тэрбум/, худалдаа, үйлдвэрлэл /64 тэрбум/, хөдөө аж ахуйг /55 тэрбум/ сэргээн босгоход их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button