Герман улс батлан хамгаалах салбарын төсвөө үлэмж нэмэгдүүлэхээ зарлалаа
Канцлерын албан тушаалаа удахгүй хүлээн авах Фридрих Мерц батлан хамгаалахын салбарынхаа төсвийг олон зуун тэрбум еврогоор нэмэгдүүлэхээ Мягмар гарагт зарлажээ.
ОХУ-ын түрэмгийлэл нэмэгдэж, Атлантын далайн чанад дахь гол холбоотон нь нүүрээ бууруулж эхэлсэн энэ цаг үед дээрх шийдвэр нь зөвхөн Германаар тогтохгүй европ тивийн хэмжээнд бусад улсуудыг дагуулах боломжтой.
Ам.доллароор тооцвол Герман улс NATO-ийн орнууд дунд зарцуулалтын дүнгээрээ аль хэдийн АНУ-ын дараа бичигдэх болсон.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар Цагаан ордонд муудалцаж Европын Холбоо өөрсдийн байр сууриа илэрхийлж байх хооронд Герман улс огт мэдэгдэл хийгээгүй аж.
Албан тушаалаа өгч буй Канцлер Олаф Шольц болон түүнийг залгамжлах Ф.Мерцийн намууд олон жил үргэлжилсэн төсвийн хэт чанга бодлогыг дуусгавар болгож, аюулгүй байдал, батлан хамгаалахын зарцуулалтыг чөлөөлөхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар тохиролцжээ. Мөн тэд тээвэр логистик, эрчим хүчний шугам сүлжээ зэрэг дэд бүтцэд хөрөнгө оруулах 500 тэрбум еврогийн сан байгуулахаар төлөвлөсөн байна.
Хэрэв ХБНГУ-ын парламент Бундестагаар энэ төлөвлөгөө нь батлагдвал тус улс эдийн засаг, улс төр, батлан хамгаалахын талбарт жинхэнэ “хүнд жингийн” тоглогчийн потенциалдаа хүрэх зам нь засагдах юм.
“Дональд Трампын Европтой, ялангуяа Украинтай харилцаж буй арга барилаас болж дээрх бүгдийн тохироо бүрдэв бололтой. Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа зогсоох АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр нь холбоотнуудын хагарал хэр ноцтой түвшинд хүрснийг харуулж байгаа тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” гэж Ф.Мерц мэдэгджээ.