БНСУ-д багш нарын зургийг эвлүүлж, цахим сүлжээнд гутаан доромжлох нь нэмэгджээ
Өмнөд Солонгост сурагчид багшийнхаа зургийг хиймэл оюун ухаан ашиглаж эвлүүлээд цахим сүлжээнд байрлуулсан тохиолдлууд гарчээ. Өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын 500 сургууль, их сургуульд дээрхтэй төстэй хэргүүд гарсан. 2024 оны наймдугаар сард Багш, боловсролын салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэл судалгаа явуулж, хиймэл оюун ухаанаар эвлүүлсэн, садар самуун зургийн хохирогч болсон 2.492 тохиолдлыг илрүүлжээ.

Дунд, бага болон тусгай сургуулийн (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн) багш нараас гадна цэцэрлэгийн багш нар ч хохирогч болсон хэмээн мэдүүлсэн байна. 517 багш, 204 сурагч, 304 ажилтны зургийг зохисгүй байдлаар эвлүүлжээ. Тэдний олонх нь цагдаад мэдүүлээгүй байна.
Нэг оюутан багшийнхаа толгойг нүцгэн бие дээр эвлүүлсэн зургийг 1200 гишүүнтэй телеграмын хаягт байршуулан, гутаасан тайлбар бичсэн байна.
Өөр нэг багшийн царайг бэлгийн харилцаанд орж буй сармагчны бие дээр эвлүүлээд, “Хүүтэйгээ нөгөө ажлыг хийж байна” гэсэн тайлбар бичиж, хуурамч зургийг интернэтэд байршуулжээ.
Тус улсад садар самууныг deepfake ашиглан түгээсэн хэрэг 2021 онд 156 бүртгэгдсэн бол 2024 онд 1202 тохиолдлыг бүртгэжээ. Цагдаагийн мэдээлснээр энэ хэрэгт холбогдуулан 682 хүнийг шалгасны 548 нь өсвөр насныхан байсан. Тэд яагаад ийм хэрэг үйлдсэн бэ гэсэн асуултад зугаацах гэж хариулдаг байна.
10-14 насны 100 орчим хүүхэд насанд хүрээгүй тул ял шийтгэлгүй өнгөрчээ. БНСУ-д багш нарыг гутаан доромжилсон ч сургуулийн удирдлага тэднээс ажлаа үргэлжлүүлэн хийхийг хүсдэг. Хэрэг хийсэн сурагчид сургуульдаа сурсаар байдаг. Харин сурагчид ямар нэг зүйл тохиолдвол тухайн сурагчийг шууд шилжүүлдэг байна.
Тус улсад сурагчийг хамгийн арын эгнээнд суулгах шийтгэл л бий. Сурагч хэдий ноцтой алдаа гаргасан ч сургуулиас хөөх эрх захиралд байхгүй. Эцэг эхэд нь хүүхдээ гэрээр сургахыг санал болгох л эрхтэй. Хэрэв тухайн гэр бүл татгалзвал хүүхдийг нь үргэлжлүүлэн сургахаас өөр сонголт байхгүй аж.