
Цагаан сарын баярыг бөхийн барилдаангүйгээр төсөөлөх аргагүй. Цол олгодоггүй, том цолтнууд олноороо зодоглодог тул бусад барилдаанаас илүү өрсөлдөөнтэй, үзүүштэй болдог. Тухайн хүчтэн жилийн өнгөө шинждэг, Цагаан сарын барилдаанд амжилт гаргасан бөх улсын наадамд сайн барилддаг, цолоо ахиулдаг гэдэг. Үүнийг олон бөхийн амжилтаас бэлхнээ харж болно.
Тиймээс уншигч та бүхэнд Цагаан сарын барилдааны тухай сонирхолтой 10 баримтыг сонирхуулъя.
НЭГ: Цагаан сарын барилдааныг анх 1963 оноос “Нэгдэлчдийн баярын барилдаан” хэмээх нэртэйгээр зохион байгуулж эхэлжээ.

ХОЁР: Анхны барилдаанд 64 бөх зодоглосноос Дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, улсын аварга Ч.Бээжин үзүүрлэсэн түүхтэй.

ГУРАВ: Цагаан сарын барилдаанд хамгийн олон удаа түрүүлсэн хүчтэн бол Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат тэрбээр сар шинийн барилдаанд 13 удаа (11-т нь завсаргүй) түрүүлсэн амжилтаар бусад бөхийг тэргүүлдэг.

ДӨРӨВ: Б.Бат-Эрдэнэ аваргын эгэлгүй амжилтыг 1999 онд дархан аварга А.Сүхбат зогсоож, 11 түрүүнд нь завсар оруулсан юм. А.Сүхбат аварга 2001 онд дахин түрүүлсэн.

ТАВ: Сар шинийн барилдаанд хамгийн олон удаа үзүүрлэсэн амжилтыг дархан аварга Д.Цэрэнтогтох эзэмшдэг. Тэрбээр сар шинийн барилдаанд таван удаа үзүүрлэсэн юм. Цагаан сарын барилдаанд дөрвөн удаа үзүүрлэсэн хоёр хүчтэн байдаг нь Дархан аварга Ж.Мөнхбат, улсын аварга Д.Сумъяабазар.

ЗУРГАА: Цагаан сарын барилдаанд аймгийн цолтойдоо түрүүлсэн хоёрхон бөх бий. Сар шинийн барилдаанд аймгийн цолтойдоо түрүүлсэн анхны хүчтэн бол улсын аварга Ч.Санжаадамба.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат тэрбээр 2010 онд цэргийн арслан цолтойдоо түрүүлж, анхдагч болсон. Дараа жил нь улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан цолтойдоо түрүүлж, амжилтыг нь давтсан билээ.
ДОЛОО: Цагаан сарын барилдаанд улсын аварга цолтой 14 бөх түрүүлсэн. Тэд бол Дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, даян аварга С.Цэрэн, улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар юм.

НАЙМ: Улсын аварга Д.Хадбаатар улсын арслан цолтой байхдаа Цагаан сарын барилдаанд гурван удаа түрүүлэхдээ бүгдэд нь үзүүр, түрүүнд Өвөрхангай аймгийн харьяат бөх (1980 онд улсын заан Д.Долгорсүрэнг, 1984 онд улсын заан Ё.Ишгэнг, дараа жил нь дархан аварга Д.Цэрэнтогтохыг)-ийг давсан байдаг.

ЕС: Сар шинийн барилдааны шөвгийн дөрөвт аймгийн цолтойдоо анх удаа шалгарсан хүчтэн бол улсын начин Д.Нэмэхбаяр. Тэрбээр 1981 онд шөвгийн дөрөвт үлдсэн юм.



Цагаан сарын барилдаанд түүнээс гадна хоёр бөх аймгийн цолтойдоо шөвгийн дөрөвт шалгарсан нь Ш.Жаргалсайхан (2008), Ж.Чулуунбат (2011) нар юм.
АРАВ: Цагаан сарын барилдаанд аймгийн цолтойдоо хоёр удаа үзүүрлэсэн ганцхан бөх байдаг нь улсын харцага О.Хангай. Ховд аймгийн харьяат тэрбээр 2014, улсын харцага цол хүртдэг жилийнхээ буюу 2017 онд сар шинийн барилдаанд үзүүрлэсэн юм.

Мөн Цагаан сарын барилдаанд аймгийн цолтойдоо үзүүрлэсэн хоёрхон хүчтэн байдаг нь улсын арслан Б.Ганбат (1998), улсын харцага Ц.Магалжав (2000) нар юм.
