Apple компани “Racist” гэсэн үгийг хэлэхэд “Trump” гэж ойлгодог iPhone-ий алдааг засахаар болжээ
Энэ долоо хоногт хүмүүс iPhone гар утасны хүний яриаг текст болгон хувиргах функц нь “Racist” (арьс өнгөөр ялгаварлагч) гэсэн үгийг хэлэхэд хэсэгхэн хугацаанд “Trump” гэсэн үгийг текст оруулах цонхонд харуулж байгаа талаар мэдээлэх болсон юм.
Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт Apple компани энэ талаар мэдэгдэл гаргажээ.
“Dictation функцийн ард ажилладаг яриаг таних хэлний загвартай холбоотой үүссэн асуудлыг бид мэдэж байгаа. Алдааг удахгүй засварлах болно” гэж тус компанийн төлөөлөгч хэлсэн байна.
Бас зарим авианы давхцалтай үгсийг хөрвүүлэхдээ ийм алдаа гаргаж байж болзошгүйг тайлбарлажээ.
Тухайлбал “r” гийгүүлэгч орсон үгс дээр ийм алдаа гарч байж магадгүй гэсэн юм.
Гэхдээ дээрх тохиолдлоос өөр ийм алдаа илэрсэн тухай мэдээлэл одоогоор алга байна.
Apple компани энэ долоо хоногийн эхээр АНУ-д $500 тэрбумын хөрөнгө оруулж, 20,000 гаруй ажлын байр бий болгох, Техас мужид шинэ үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө зарласан нь ерөнхийлөгч Трампын “Бүхнийг Америкт үйлдвэрлэх” бодлогод нийцүүлсэн алхам байлаа.
Сонирхолтой нь дээрх төлөвлөгөөг зарласны маргааш нь iPhone гар утсанд ийм алдаа илэрсэн байна.