Сурагчдын ирэх хичээлийн жилийн амралтыг өөрчилжээ
Боловсролын сайд П.Наранбаяр 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц болон сурагчдын амралтын талаар мэдээлэл хийлээ.
Шинэ хичээлийн жилийн бүтцийн өөрчлөлт 2025 оны есдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд сургуулийн үйл ажиллагааг сайн төлөвлөж, бэлтгэл ажлыг хангах юм байна.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр ярихдаа “Аз жаргалтай нэгдүгээр сар гэсэн иж бүрэн бодлогыг Монгол Улсын Засгийн газраас зарлаж байгаа. Үүнтэй холбоотойгоор хичээлийн жилийн амралтыг зохицуулах шаардлагатай байна. Нийслэл, хөдөө орон нутгийн амралтын хугацаа нэг долоо хоногоор зөрдөг ч дуусах хугацаа нь адилхан байдаг. Энэ нь төвлөрөл, хүн амын нягтшил, томуугийн дэгдэлт агаарын бохирдол, түгжрэлээс шалтгаалж байна. 2025-2026 онд гурван улирлын бүтцээр явна. Гэхдээ амралтыг нэг долоо хоногоор сунгана. Өөрөөр хэлбэл, бага сургууль арванхоёрдугаар сарын 15-наас амарч, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Нэг ёсондоо зургаан долоо хоногийн хугацаанд амралт үргэлжилж байгаа юм. Энэ нь түгжрэл бууруулах, бие дааж хичээлээ судлах, ханиад томуунаас сэргийлнэ гэж үзсэн. Ийнхүү өвлийн ид хүйтний үеэр сунгасан долоо хоногийн амралтын өдрөө зургаадугаар сард шилжүүлэхээр зохицуулсан. Энэ өдрүүдийг шалгалтын долоо хоног байхаар зохицуулллаа. Хуульд 170-185 хоног хичээллэхийг үүрэг болгосон байдаг. Энэ хугацаандаа амралт, хичээлийг бүрэн зохицуулж байгаа юм” гэв.

2025-2026 оны хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байх бөгөөд өвлийн амралтыг долоо хоногоор сунгаж, зургаадугаар сард долоо хоног сунаж хичээллэхээр болжээ. Тодруулбал, бага ангийн хичээл арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс амарч, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт эхэлнэ. Харин дунд ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 26-нд хичээлдээ орно. Тэгвэл ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс цахимаар долоо хоног хичээллэж, үндсэн амралт арванхоёрдугаар сарын 29-нөөс эхэлж, нэгдүгээр сарын 26-нд орохоор зохицуулжээ.
Хөдөө, орон нутаг арванхоёрдугаар сард эхлэх амралт нь бага сургууль 35, дунд, ахлах 28 хоног амрах бөгөөд ахлах ангийнхан долоо хоног цахимаар хичээллэх юм. Ингэхдээ дөрөвдүгээр сард мал төллөх үеэр нэг долоо хоног илүү амраах ажээ. Ирэх жилийн цагаан сарын амралтын тухайд хэрхэн эдлүүлэх, сунгах талаар Засгийн газар хуулийн төслөө өргөн барьсны дараа Бүх нийтээр амрах амралтын өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтаар зохицуулах юм байна. Энэхүү шинэ бүтцийн өөрчлөлтийг Боловсролын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Боловсролын газар, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болов.
Эх сурвалж: Монцамэ