Бизнес

Ашигт малтмалын гэрээний асуудлаар АНУ, Украин тохиролцоонд хүрчээ

АНУ ба Украин улс байгалийн баялаг, сэргээн босголтын тухай гэрээний нөхцлүүдийг харилцан тохиролцсон тухай Украины албаны хүн мэдэгджээ.

Эх сурвалжийн хэлснээр “хүлээн зөвшөөрөх боломжгүй бүх заалтыг бичвэрээс хасаж, уг гэрээ Украины аюулгүй байдал, энх тайванд ямар хувь нэмэр оруулахыг илүү тодорхой тусгасны дараа” тохиролцоонд хүрсэн байна. 

Гэрээний нөхцлүүдийг тохиролцсон тухайд АНУ одоогоор мэдэгдэл хийгээгүй байна. Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ойрын өдрүүдэд Вашингтоныг зорьж магадгүй байгаа ажээ. 

“Би түүнийг баасан гарагт ирнэ гэж сонссон. Мэдээж тэрбээр гэрээ байгуулахыг хүсэж байгаа бол надад ямар ч асуудалгүй, тэр надтай хамт гэрээнд гарын үсэг зурах хүсэлтэй байгаа. Энэ бол маш том гэрээ гэдгийг би ойлгож байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ.

Украины сэргээн босголтын сангийн үйл ажиллагаанд АНУ оролцсоны хариуд тус улсад газрын ховор элементүүд нийлүүлэхэрх олгох гэрээний нөхцлүүдийг Украин зөвшөөрөхөд бэлэн байна гэж даваа гарагт эх сурвалж CNN-д мэдэгдсэний дараа дээрх мэдээлэл цацагдлаа. Мэдээлэлд дурдсанаар, ашигт малтмалын гэрээний зарим нэг нарийн ширийн зүйлийг дараагийн яриа хэлэлцээний үеэр хэлэлцэхээс гадна АНУ, Украины Ерөнхийлөгч нар аюулгүй байдлын баталгааны талаар биечлэн ярилцаж магадгүй байна.

Д.Трампын засаг захиргаа АНУ-аас Киевт үзүүлсэн тусламжийн хариуд 500 тэрбум долларын үнэ бүхий газрын ховор элементүүд болон бусад ашигт малтмал нийлүүлэхийг шаардсан агуулгатай гэрээний өмнөх хувилбарыг В.Зеленский зөвшөөрөхөөс татгалзсан юм. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн эх сурвалж хэлэхдээ, Украин “бүх зүйлээр хангана” хэмээн найдаж байгаа атал Америкийн хүлээх үүрэг хариуцлагын талаар дурдаагүй тул В.Зеленский уг гэрээний хувилбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байжээ. 

Даваа гарагт Цагаан ордонд ирсэн Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Ерөнхийлөгч Зеленскийтэй хамтран ажиллаж, газрын ховор элемент, чухал ашигт малтмалын талаар АНУ болон Украины хувьд маш чухал гэрээ байгуулахаар” Д.Трампын гаргасан шийдвэрийг сайшаасан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button